Хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний VI бүгд хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-09-24 12:21:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний VI бүгд хурал Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Ази, Номхон далайн бүс нутагт эрүүгийн хэргийн асуудлаар байгууллага хооронд мэдээлэл шуурхай солилцох, хууль бус хөрөнгийг буцаах чиг үүрэгтэй “АРИН-АП” хэмээх сүлжээг анх БНСУ-ын Прокурорын дээд газрын санаачилгаар 2013 онд байгуулжээ. Одоогоор сүлжээний гишүүнээр 24 улс, ажиглагчаар олон улсын 9 байгууллага нэгдээд байна. Манай улс АРИН-АП сүлжээг ашиглан БНСУ-ын Прокурорын дээд газартай хамтран Монгол Улсад орж ирсэн хууль бус хөрөнгө оруулалтыг илрүүлэн, эх оронд нь буцааж байжээ. Мөн Монгол Улсаас олдсон үлэг гүрвэлийн ясыг БНСУ-аар дамжуулан хууль бусаар хил давуулах гэсэн гэмт үйлдлийг илрүүлэн, эх орондоо авч ирсэн зэрэг туршлагатай орон юм. Тиймээс Монгол Улс тус сүлжээний 2019 оны даргалагч улсаар ажиллаж байгаа юм.


Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа бүгд хурлыг нээж хэлсэн үгэндээ “Авлигын болон бусад гэмт хэргийн улмаас хууль бусаар гадагш гарсан хөрөнгийг буцаан авахад нэг талын хүчин чармайлт үр дүнгүй. Энэ ажил улс орон бүрийн ижил төстэй чиг үүрэг бүхий хууль хяналтын байгууллагуудын харилцан ойлголцсон, сайн хамтын ажиллагааны дүнд бүрэн биеллээ олдог” хэмээн онцоллоо. Мөн бусад орны хууль сахиулах байгууллагуудад авлигын гэмт хэрэгтэй холбоотой туслалцаа шаардлагатай бол АТГ үндэсний хууль тогтоомж, журмын дагуу шуурхай туслахад бэлэн байгаагаа мэдэгдэв.  


АРИН-АП сүлжээний VI бүгд хуралд 22 улс, олон улсын 5 байгууллага, дотоодын төрийн 7 байгууллагын 110 орчим төлөөлөгч оролцож байна.

Холбоотой мэдээ