“Ахмадууд дуулж байна” цэнгүүнд 1000 орчим хүн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-24 16:56:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 8000 гаруй ахмад настан бий. Тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн идэвх, оролцоог  нэмэгдүүлэх, хөгжүүлэх  чиглэлээр санаачилга гаргаж улмаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт  тодорхой зорилт тусгасны дагуу “Ахмадаа ачилъя” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон улсын Ахмадын өдрийг  угтаж “Ахмадууд дуулж байна” цэнгүүн зохион байгууллаа.

Тус цэнгүүний ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Ахмадын хороо, “Жаргал дүүрэн” ТББ хамтран ажилласан юм.

Энэхүү үйл ажиллагаа Галдан бошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэллээ. “Ахмадууд дуулж байна” цэнгүүнд ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орны хөгжлийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй  хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянтай буурлуудын төлөөлөл 17 сумаас 1000 орчим ахмад настан оролцсоноороо онцлогтой.

“Ахмадууд дуулж байна” цэнгүүний  үндсэн  үйл ажиллагаа спорт цогцолборт үргэлжиллээ. Энэ үеэр нийтийн бүжиг, дууны тэмцээн болов. Дууны тэмцээнд сум бүрийн төлөөлөл 54 ахмад настан оролцсон бол нийтийн бүжигт 30 орчим хос бүжигчин оролцож, авьяас ур чадвараа сорив.

Энэхүү үйл ажиллагаа нь ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлж чадсан гэж албаныхан онцоллоо. 

 

Холбоотой мэдээ