БХБЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй
танилцуулах ажил өнөөдөр БХБЯ-ны өдөрлөгөөр үргэлжилж байна.
Өдөрлөгт газар зохион
байгуулалт, геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны
корпораци, НОСК, нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Ус сувгийн удирдах
газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Монголын архитекторуудын
эвлэл, Одон орон, геофизикийн хүрээлэн, Монголын барилгын материал
үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг БХБЯ-ны бүтэц, харьяаны 20 гаруй байгууллага болон
мэргэжлийн ТББ-ууд ажлаа танилцуулж байна.
Тухайлбал, ирэх хавар ажлаа эхлэх “Ногоон нуур-1008” айлын орон сууц, мөн нийслэлд баригдаж буй түрээсийн орон сууцнууд болон Дархан хотын орон сууцны 19-р хорооллын хэсэгчилсэн хөтөлбөрүүдийг танилцуулж байна.
Өдөрлөгөөр иргэдэд кадастрын зураг гаргаж өгөх, газар өмчлөх, эзэмших ашиглах эрхийг барьцаанд бүртгэх, бүртгэлийн талаар лавлагаа олгох, зөвлөгөө өгөх зэргээр үйлчилж байна. Тухайлбал, төрийн зарим үйл ажиллагааг гүйцэтгэхээр ажиллаж буй Монголын Барилгын үндэсний ассоциац тусгай зөвшөөрөл олгох, барилга байгууламжийн зураг, төсөл, магадлагаа гарган үйлчилж байна.
Тус ассоциацийн
бүрэлдэхүүнд Монголын Барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын
инженерүүдийн холбоо, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Өргөн тээвэрлэх
машин төхөөрөмжийн үндэсний холбоо зэрэг салбарын мэргэжлийн ТББ-ууд хамрагддаг юм.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ