Ховд их сургууль судалгааны тэргүүлэх чиглэлийг хөгжүүлнэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-23 13:24:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургууль байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярын үйл ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Ховд их сургуультай ажил, амьдралаа холбосон үе үеийн багш ажилтан, төгсөгчид, орон нутгийн удирдлага, гадаад дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй хүн оролцов.

Тус сургууль 1979 онд Ховд дахь Багшийн дээд сургууль нэртэйгээр анх байгуулагдсан. Тухайн үед байгаль, нийгмийн ухаан гэсэн хоёр тэнхимтэй, 13 багш, 12 ажилтан, 110 гаруй оюутантайгаар үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Тэгвэл өдгөө хоёр бүрэлдэхүүн, нэг салбар сургуультай болж өргөжсөн төдийгүй 150 орчим багш, ажилтан, 2400 гаруй оюутантай үйл ажиллагаа явуулж байна.

40 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурлыг аймгийн ХДТ-т зохион байгууллаа. Энэ үеэр сургуулийн түүхэн замнал, амжилт ололт, цаашдын зорилго чиглэлийн талаар сургуулийн удирдлагууд мэдээлэл хийж, урилгаар оролцож буй зочид төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүлэв.

Мөн Ховд их сургуулийг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн захирал, эрдэмтэн профессорыг алдаршуулахын зэрэгцээ нэр бүхий багш нарт Хөдөлмөрийн хүндэт медаль, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулан өгч баяр хүргэлээ. 

Ховд их сургууль нь цаашид бүс нутгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг хөгжүүлж, улмаар сургалтын байгууллагаас "Судалгааны их сургууль” болон хөгжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.   

Чанартай боловсрол хөгжлийн үндэс уриатай “Ховд их сургууль” нь өнгөрсөн 40 жилийн хугацаанд бакалавр, магистер зэрэгтэй 12800 орчим чадварлаг боловсон хүчин бэлтгэн төгсгөж, баруун бүс төдийгүй Монгол Улсын боловсролын салбарт бодит хувь нэмэр оруулж байгааг албаныхан онцолж байлаа.

Холбоотой мэдээ