Сумын иргэд шөнийн тарифт тоолуурт шилжиж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-09-23 10:26:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд шөнийн тарифт тоолуурт шилжиж байна.

Тус бүтээн байгуулалтын ажлыг Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-аас жил бүр зохион байгуулдаг ажил мэргэжлийн уралдааныхаа хүрээнд хийж гүйцэтгэж байгаа аж. Энэхүү ажлыг нэг салбар ганцаараа хийвэл 2-3 сарын хугацаа зарцуулах гэнэ. Харин ажил мэргэжлийн уралдааны хүрээнд хугацаа хожиж долоо хоногийн хугацаанд гүйцэтгэж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Ажил мэргэжлийн уралдаан нь ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцоход үр дүнгээ өгдөг гэв.

Эл ажлын хүрээнд Ерөө сумын хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах, шугам сүлжээг шинэчлэх, ухаалаг сүлжээг нэвтрүүлэх ажлуудыг хийж байгаа юм байна. Үүний тулд 0.4 киловольтын 27 км урттай агаарын шугамыг 849 ширхэг төмөр бетонон тулгуур, СИП дамжуулагч утсаар шинэчилж, 650 айл өрхөд ухаалаг тоолуурыг суурилуулах бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа аж. Нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий эл бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх ажил мэргэжлийн уралдаанд нийт ДСЦТС ХК-ийн зургаан бригадын 100 орчим ажиллах хүч, 40 машин механизм ажиллаж байна

Холбоотой мэдээ