Нийтийн сонсгол зохион байгууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-21 19:16:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор анх удаа "Баянхонгор сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн" сэдвээр нийтийн сонсголыг зохион байгууллаа.

Нийтийн сонсголыг аймгийн ИТХ, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөртэй хамтран явуулсан бөгөөд Баянхонгор сумын иргэд оролцов.

Баянхонгор суманд 32 мянган хүн ажиллаж, амьдарч байна. Гэвч сумын статустай учраас бусад хүн ам цөөн сумдын адил төсөвтэй, төрийн албаны орон тоо цөөн. 2018 онд Баянхонгор сумын Орон нутгийн хөгжлийн санд нийтдээ 293 сая төгрөгийг хуваарилсан байна. Үүгээр 12 төрлийн ажил, арга хэмжээг санхүүжүүлж ажиллажээ.

Иргэд нийтийн сонсгол зохион байгуулж байгааг дэмжиж, өөрсдөд нь хэрэгтэй гэдгийг хэлж байна. Харин хөдөлмөрчдийн хувьд төрийн байгууллагын хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл хүртээмжгүй, иргэд хэзээ, юу хийсэн талаар ойлголтгүй байгааг хэлж байв. Тиймээс төр иргэдэд тогтмол мэдээллийг өгөх, эргээд тэдний байр суурь, саналыг авч, тайлагнах шаардлага байгааг онцоллоо.

Нийтийн сонсгол нь иргэдийг төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг хянах үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэх боломжийг олгохын зэрэгцээ, шийдвэр гаргагчдад өөрсдийн дуу хоолойгоо хүргэх хуулийн томоохон шийдэл юм.

Холбоотой мэдээ