Мал эмнэлгийн салбарынхан баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-19 23:19:50

Хэнтий /МОНЦАМЭ/ Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн түүхт 70 жил, хувийн Мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.

Тиймээс Мал сүргийг эрүүлжүүлэх, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж буй Мал эмнэлгийн салбарынхан баярын хурлаа хийж шилдгүүдийг шагнаж урамшууллаа.

Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Нүүдэлчин Монголчууд бидний үндэсний баялаг болсон мал сүргээ эрүүл байлгаж, өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх нь нэн чухал. Тиймээс өнгөрсөн онд давхардсан тоогоор 7,7 сая малыг эмчлэн, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж, вакцинжуулсан бөгөөд үүнд 1,6 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсвөөс зарцуулсан байна. 

Мөн аймгийн хэмжээнд малын өвчний 200 гаруй голомт байдгийг жил бүр ариутгаж халдваргүйжүүлсний үр дүнд сүүлийн хоёр жилд шүлхий 97,6 хувиар буурч, хонины цэцэг өвчний тохиолдол илрээгүй юм. Энэ нь чадварлаг, туршлагатай малын эмч, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой” гэдгийг цохон тэмдэглэж талархал илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ