БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-09-19 14:50:23

СӨҮЛ. /Yonhap/. Экспортын хязгаарлалт, дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар маргаантай байгаа БНСУ, Японы төлөөлөгчдийн ажлын түвшний дипломат хэлэлцээ энэ долоо хоногт болно гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдээлжээ.


БНСУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан газрын дарга Ким Жун Хан болон Японы Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал хариуцсан газрын дарга Шигэки Такизаки нар баасан гарагт уулзаж, хоёр талын ашиг сонирхлын талаар хэлэлцэх ажээ.


Өнгөрсөн онд БНСУ-ын Дээд шүүх дайны үеийн нөхөн төлбөр олгохыг Японы фирмүүдээс шаардаж, өнгөрсөн долдугаар сард Япон зарим материалын экспортыг хязгаарласантай холбоотойгоор хоёр талын харилцаа хурцадсан юм.


БНСУ, Японы харилцааны хурцадмал байдал даамжрахаас сэргийлэхийн тулд хоёр талын дипломат төлөөлөгчид харилцаа холбоогоо үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг маргааш болох хэлэлцээ нотлон харуулж байна.


Хэлэлцээний үеэр Ким Жун Хан, Ш.Такизаки нар ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хоёр орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулах боломжийн талаар мөн хэлэлцэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ