“Говийн чоно-2016” олон улсын сургалт өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
dotood_editor@montsame.mn
2016-04-09 11:55:31

ОБЕГ, ЗХЖШ, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн атташегийн алба, АНУ-ын Номхон далайн цэргийн командлал, Аляскын үндэсний гвард хамтран зохион байгуулсан гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцох “Говийн чоно 2016” сургалт, дадлага сургууль амжилттай болж өчигдөр хаалтаа хийжээ.

Хаалтын ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Австралийн армийн хошууч генерал, АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч-генерал Грегори К.Билтон нарын албаны хүмүүс оролцжээ. Уг сургалтын жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалт, дадлага сургуулийн онцлог нь анх удаа орон нутгийг оролцуулсан байна. 

Энэхүү сургалтыг газар хөдлөлтийн үеийн гамшгийн хор уршгийг арилгах нэгдсэн төлөвлөгөөнд орон нутгийн түвшинд хэрхэн удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгөх чиглэлээр гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах ажиллагаанд Зэвсэгт хүчний хүч хэрэгслийг ашиглах, хамтран ажиллах зэргээр зохион байгуулжээ. Сургалтад мөн Непал улсын хүндэт зочин Непалийн Армийн батальон захирагч, дэд хурандаа Буван Пурна Сатаял оролцож, өнгөрсөн жил өөрийн улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшигтай тэмцсэн бодит амьдралын туршлагаасаа хуваалцсан байна. 

Жилээс жилд үр дүн нь сайжирч байгаа “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол Улсын санаачилгаар Азийн бүс нутгийн томоохон арга хэмжээ болгон өргөжүүлэх зорилт тавин ажиллах  болжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ