Гэрээгүй “Brexit”-ээс зайлсхийхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-19 10:25:26

ТОКИО. /NHK/. Японы шинээр томилогдсон Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги Их Британийг Европын Холбооноос гэрээгүйгээр гаргах үйл явцаас зайлсхийхийг уриалжээ.


Энэ сарын эхээр Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж эхэлсэн Т.Мотэги Их Британийн талын хүсэлтээр тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Раабтай лхагва гарагт утсаар ярьсан байна.


Т.Мотэги “Brexit”-ийн талаар хэлэхдээ, Европ дахь Японы фирмүүдийн эдийн засгийн үйл ажиллагааг хэвээр үргэлжлүүлж, дэлхийн эдийн засагт учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах нь чухал гэжээ. Мөн тэрбээр Их Британийг ЕХ-той байгуулсан гэрээнд үндэслэн гаргана хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.


Үүний хариуд Д.Рааб Лондон ч мөн уг арга замыг эрэлхийлж байгаа хэмээгээд, Европ дахь Японы бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө учрахаас урьдчилан сэргийлнэ хэмээн хэлсэн байна.


Талууд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Мөн БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг аль болох ойрын хугацаанд зохицуулахад дэмжлэг үзүүлнэ гэж Д.Рааб мэдэгджээ.


Японы Засгийн газраас мэдээлснээр, 1970, 1980-аад оны үед БНАСАУ-ын төлөөлөгчид Японы 17 иргэнийг хулгайлсан аж. 2002 онд болсон дээд хэмжээний уулзалтын дараа тэдгээр иргэний тавыг нутаг буцаасан боловч бусад нь сураггүй хэвээр байгаа юм. 

Холбоотой мэдээ