Усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-18 17:59:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэв. 


Тодруулбал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг дамнан орших дээрх хэмжээний газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтжээ.


Усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. 390 мянга гаруй хүн оршин суудаг баруун бүс нь эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг. Энэ нь Дөргөний усан цахилгаан станцын үйлдвэрлэдэг эрчим хүчээс 5-6 дахин үнэтэй гэсэн үг юм.


Баруун бүсийг найдвартай эрчим хүчтэй болгож Асгатын мөнгө, Хөшөөтийн коксжих нүүрс зэрэг томоохон орд газрыг ашиглах, цемент, ган, мах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.


Товч мэдээ

-  Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах, зээлийн хугацааг бүх банкинд адил 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. 2019 оны 08 дугаар сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 орчим мянган хүн 814 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Тэд урт хугацаатай зээлийг 18 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын хугацаатай авчээ. 54.5 мянган хүн жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан нь нийт зээлдэгчийн 23.6 хувийг эзэлж байна.


-  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 300 сая хүртэлх ам.долларын зээлээр “Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ зам барих”, “Дархан арьс ширний цогцолбор” төслийн дэд бүтэц байгуулах, “Чойр-Сайншандын 230 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих”, “Улаанбаатар хотын дулааны сүлжээ” гэсэн дөрвөн төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.


-  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрийн байгууллагуудын хяналт шалгалт, чиг үүргийн давхардлыг арилгаж, хэрэглэгчийн эрх, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын эрх зэргийг нарийвчлан тусгажээ. Мөн цахим худалдааны улмаас хэрэглэгчид хохирохоос сэргийлэх талаар хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна.


-  Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Украин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүх төрлийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм.  

Холбоотой мэдээ