Д.Содном: Ю.Цэдэнбал даргын ажилч зан бидэнд их сургамж болж байсан

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-09-17 16:41:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн тэргүүн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ойн энэ өдөр түүний хөшөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны бусад хүн цэцэг өргөж хүндэтгэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэхдээ, “Ю.Цэдэнбал даргын бүтээж босгон уламжлуулж үлдээсэн бүхнийг бид жил бүрийн энэ өдөр эргэн санаж, маршалынхаа гэрэлт хөшөөнд хүндэтгэдэг сайхан уламжлал тогтоод цөөнгүй жил болж байна. Улс, эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө өөрийн оюун ухаан, эрдэм мэдлэг, зүрх сэтгэл, амьдралаа зориулсан үе үеийн эх орончдын нэг бол Ю.Цэдэнбал агсан юм.


Тэрээр Монгол төрийн үйл хэргийг 44 жил удирдахдаа, 1945 оны бүх нийтийн анхны санал хураалтын комиссын орлогч даргаар томилогдон зохион байгуулж, улс, эх орныхоо тусгаар тогтнолыг дэлхийн тавцанд баталгаажуулан, Монгол Улсыг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элсүүлж чадсан түүхэн гавьяатай хүн” гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ, "Бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон Азийн анхны улс болж, ЮНЕСКО-ийн шагнал хүртэж, Монгол хэмээх нэрийг, дэлхий нийтэд зарлуулж чадсан түүхэн бахархал Ю.Цэдэнбал даргын үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн зууны Монголын ХАА, газар тариалан, дэд бүтэц, хот байгуулалт, эрүүл мэнд, гадаад харилцаа, батлан хамгаалах, сонгодог урлаг, соёл урлагаас авхуулаад нийгмийн бүхий л салбарын үсрэнгүй хөгжил, дэвшлийг түүний үйл хэргээс салгахын аргагүй нягт холбоотой.

Түүний бүтээн байгуулсан суурь хөрсөнд өнөөгийн Монголын амьдрал үргэлжлэн үр шимийг нь хүртэж байгаа гэдгийг залуус бид огт мартаж болохгүй. Монгол улсын түүхэнд өөрийн хийж бүтээснээрээ томоохон байр суурийг эзэлсэн 20-р зууны гарамгай улс төрч Ю. Цэдэнбалын алдар гавьяа он цаг өнгөрөх тусам улам тодорч Монголын ард түмний сэтгэл зүрх, оюун санаанд үүрд гэгээнээр дурсагдан, улам бүр хүндлэгдэн хайрлагдах учиртай” хэмээн онцолж байв.



Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, УТТ-ын гишүүн асан Ц.Балхаажав, УИХ-ын гишүүн, Сангийн сайд, "Ю.Цэдэнбал академи"-ийн дэд тэргүүн Ч.Хүрэлбаатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар болон Ю.Цэдэнбал агсны төрсөн дүү Ю.Жавзан нар оролцсон юм.

Ерөнхий сайд асан Д.Содном хэлэхдээ, “Ю.Цэдэнбал даргын үед монголчууд бид бүгд бичиг үсэгтэй, 10 жилийн боловсролтой болсон. Дарга маань Монгол Улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөө бүх амьдралаа зориулсан хүн. Түүний гавьяа зүтгэлийг маш өндөрөөр үнэлдэгийг ард түмэн минь сайн мэднэ” хэмээн төрийн тэргүүнийхээ ажил үйлсийг дурсан санаж байв.


Тэрээр, “Би 1963-1984 он хүртэл 21 жил Ю.Цэдэнбал даргын удирдлагад ажиллаж, түүний хөдөлмөрлөж бүтээж байснаас сурч явсан хүн. Дарга маань бидний ажлыг зориудаар биш гэхэд санамсаргүй байдлаар шалгачихдаг байсан юм. Тэр нь хүртэл надад их сургамж болсон байдаг юм. Өнөөдрийг хүртэл түүнээс сурч явна. Манай өнөөгийн залуус хэрэв Ю.Цэдэнбал гуай шиг маш их ажилладаг, түүн шиг үргэлж судалж, уншиж байхын бол, түүн шиг амьдралаас сурч байхын бол улс орны хөгжилд их хувь нэмэр оруулах юм. Ю.Цэдэнбал Монголын ард түмэнд үүрд сайн сайхнаараа дурсагдаж явах гавьяатай хүн” хэмээн хэлж байлаа.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ