Бодлогын хүүг 11 хувьд хадгаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-17 18:20:21
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хадгалах шийдвэр гаргалаа.


Тодруулбал эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг хэвээр хадгалахаар болсон байна.



Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшиний орчимд тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгааг Монголбанкны тэргүүн дэд  Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг онцлов.


Тэрбээр: “Инфляци өнгөрсөн наймдугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь байлаа. Мах, хүнсний ногоо, их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон бусад төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад өсч, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүллээ. Эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна. Инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, эдийн засгийн идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшин орчимд тогтворжих төлөв хадгалагдаж байна.


Энэ оны эхний хагас жилд уул уурхайн олборлолтын хэмжээн хүлээлтээс давж, бизнесийн зээл, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдлаа” гэв.


Өмнөх онуудтай харьцуулахад том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн улам гүнзгийрч, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэн, цаашид гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжин дотоод эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэл байна.


Иймд дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, бүх секторын түвшинд санхүүгийн нөөц хуримтлуулж, эрсдэл даах чадварыг бэхжүүлэх шаардлагатай байгааг Монголбанкнаас онцоллоо.

Холбоотой мэдээ