Озоны цоорхой 10 жил тутамд 1-3 хувиар нөхөгдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-16 15:40:31
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэх хүрээнд БОАЖЯ-ны Озоны үндэсний албанаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 


Одоогоос 30 гаруй жилийн өмнө шүршигч аэрозоль, хөргөлт, агааржуулалтын систем, өөр олон техник технологид ашиглаж байсан хлортфторт нүүрстөрөгч болон бусад озон задалдаг бодисууд нь озоны давхаргыг цоолж, аюултай хэт ягаан туяа нэвтрэх нөхцөлийг бий болгож буйг эрдэмтэд судалж тогтоосон. Түүнд хариу арга хэмжээ авахын тулд дэлхийн улс орнууд хамтран Монреалийн протоколыг 1987 онд хэлэлцэж батлан өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа юм. 


Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас олон улсын гэрээний өнөөг хүртэлх ололт, амжилтыг үнэлж,онцлон тэмдэглэхийн сацуу озоны давхаргаа үргэлжлүүлэн хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах үйл хэргээ үргэлжлүүлье хэмээн “Монреалийн протоколын 32 жилийн хүчин чармайлтаар озоны давхарга нөхөгдөж байна” (32 years and Healing) сэдвийн хүрээнд Дэлхийн Озоны өдрийг тэмдэглэж байна.



БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адьяасүрэн: “Озоны цоорхойн талаарх 2018 оны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2000 оноос хойш озоны цоорхой 10 жил тутамд 1-3 хувиар нөхөгдөж байгааг судалж тогтоосон ба хэрэв Монреалийн протокол байгаагүй бол озоны цоорхойн хэмжээ улам ихсэж, дэлхийн дундаж температур одоогийнхоос илүү нэмэгдэх байсан. Монреалийн протоколын хүрээнд, бүх улс орон дэлхийн дулааралд сөргөөр нөлөөлж байсан озон задлах бодис болон хүлэмжийн хийнүүд гэгдэх дээрх бодисуудын үйлдвэрлэл, хэрэглээг 99 хувиар бууруулж, хэрэглээг зогсоосон. Үүний үр дүнд озоны цоорхой нөхөгдөж байгаа ба 2060-аад он гэхэд озоны давхаргын хэмжээ 1980 оныхтой тэнцүү хэмжээнд хүрч нөхөгдөнө гэж таамаглаж байна” хэмээв.


Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Озоны давхаргыг хамгаалах Монгол Улсын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрбээр Монгол улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсон бөгөөд озоны давхаргыг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулж байгааг онцлов.


Энэ хүрээнд:

• 2010 оны 1 дүгээр сарын 1-ээс хлорфторт нүүрстөрөгчийн (ХФН/CFC) төрлийн озон задалдаг бодисын импорт, худалдааг бүрмөсөн зогсоосон.

• 2011 оноос дараагийн шатны зорилт болох гидрохлорфторт нүүрстөрөгчийн (ГФНУ/HCFC) төрлийн бодисыг үе шаттай бууруулж, хэрэглээнээс гаргах менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

• 2018 оны 09 сарын 05-нд Засгийн газрын 277-р тогтоолоор “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам батлуулж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

• 2019 онд озон задалдаг бодисын импорт, экспортод хяналт тавих гаалийн болон байгаль орчны хяналтын ажилтнуудад ээлжит сургалтыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгуулав.

• 2019 оны 8 дугаар сард “Озон задалдаг бодис гидрохлорфторт нүүрстөрөгч бодисыг хэрэглээнээс гаргахад гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг бууруулах ажлыг идэвхжүүлэх асуудал” сэдэвт олон улсын хурал болоод “Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлэг зэрэг ажлыг зохион байгуулж байгааг тэмдэглэлээ.


Холбоотой мэдээ