Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллалаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-09-16 11:04:42

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллалаа. 

Тэрбээр Сэлэнгэ аймагт ажилллах үеэрээ эх орныхоо хөрс шороонд экологийн хүнсийг үйлдвэрлэж байгаа тариаланчид, ногоочдод хандаж, “та бүхэн эгэл баатрууд юм шүүхэмээн урмын үгээр мялаав.  

Засгийн газрын тэргүүн Орхонтуул сумын "Агро шим" ХХК-ийн ургац хураалт, Орхон сумын аварга ногоочин Б.Хадбаатарын ногоо хураалт, Баруунбүрэн сумын "Норбу агко" ХХК-ийн услалтын системтэй танилцав. Мөн тэрээр Сайхан сум дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр ОХУ-аас нийлүүлж буй өндөр хүчин чадлын трактор комбайныг төвийн бүсийн тариаланчдын төлөөлөлд гардуулан өглөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар дагалдан явав.

ХХААХҮ-ийн сайдын танилцуулснаар, энэ жилийн хувьд Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар ургацын байдал хэвийн байгаа ч хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байгаа гэнэ. Гэсэн хэдий ч ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж технологийн зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулж улаан буудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой хэмээв. 

Холбоотой мэдээ