“Улаанбаатар Түншлэл-2019”-д гадаад, дотоодын 90 компани оролцож байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-09-12 18:56:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл экспо” төвд нээгдлээ.

Анх намрын үзэсгэлэн яармаг гэдгээр 1975 онд гарч эхэлсэн энэхүү үзэсгэлэн-худалдаа өргөжин тэлсээр 44 дэх жилдээ болж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд Беларусь улс Түнш орон”-оор оролцож ХАА-н техник болон хүнсний бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж байгаа бол мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Тайваниас нийтдээ 40-өөд компани, дотоодын 50 гаруй аж ахуй нэгж оролцож байна.


Үзэсгэлэнг МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн нээсэн юм. Тэрээр, “Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж буй нийт ААН, хувь хүмүүс, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, хамтран зохион байгуулагчид, үзэж сонирхон, үйлчлүүлж буй иргэдэд мэндчилгээ дэвшүүлэв.


“Энэхүү үйл ажиллагаа нь гадаад, дотоодын бизнес, худалдаа эрхлэгчид болон үйлдвэрлэгчдэд зөвхөн бараа бүтээгдэхүүнээ борлуулж, таниулах боломжоор хязгаарлагддаггүй. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж, бизнесийн шинэ гарц боломжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай яриа хэлэлцээ өрнүүлэх түншлэлийн талбар болж өгдөг”-ийг онцолж байв.





Үзэсгэлэн худалдааг манай улсад чуулж буй Азийн Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь хуралдаанд оролцогч улсуудын төлөөлөл үзэж сонирхож байна. Ирэх ням гараг дуустал үргэлжлэх үзэсгэлэн-худалдааны үеэр бизнес уулзалтууд болох аж.

Б.Болд

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ