Фидель Кастро олны өмнө гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-08 13:29:57

МЕХИКО. /TASS/. Кубын хувьсгалын удирдагч тэрбээр пүрэв гарагт тус улсын хувьсгалын баатруудын нэг болох Вильма Эспиний мэндэлсний 86 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ. Уг арга хэмжээ Гавана хот дахь Вильма Эспиний нэрэмжит боловсролын цогцолборт  болсон байна.

Кастро сүүлийн найман сарын хугацаанд анх удаа олны өмнө гарч, телевизийн дуранд өртөж байгаа нь энэ юм. Өдгөө 89 настай Фидель хамгийн сүүлд 2015 оны наймдугаар сард олны өмнө гарчээ. Тухайн үед тэрбээр Латин Америк дахь Кубын холбоотнууд болох Венесуэл болон Боливын Ерөнхийлөгч нартай уулзсан байна.

Кубын төрийн эзэмшлийн телевизээр Кастро сурагч, багш нартай боловсрол, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын сэдвээр ярилцаж буйг үзүүлжээ.

Энэ оны наймдугаар сард Кастро 90 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ. Тэрбээр 2008 онд төрийн тэргүүний эрх мэдлээ дүү Рауль Кастрод шилжүүлэн өгчээ. Рауль Кастро бол 2007 онд нас нөгчсөн Вильма Эспиний эр нөхөр нь юм. 

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ