Унгарын Засгийн газраас 57 сая ам.долларыг хүүгүй зээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-12 15:04:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас зургаадугаар сарын 25-нд өргөн мэдүүлсэн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улс, Унгар улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. 



Хуралдааны эхэнд төслийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулсан. Тэрбээр, "Монгол Улс, Унгар улсын Засгийн газар хооронд 2016 оны нэгдүгээр сарын 25-нд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллароос 57 сая ам.доллар болгон нэмэхээр тохиролцоод байна. Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүү 0, эргэн төлөлтийн хугацаа 17.5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, хөнгөлөлтийн түвшин 40.5 хувьтай байна. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын зургаадугаар сарын 19-ний хуралдаанаар хэлэлцээд, 27 дугаар тэмдэглэл гарсан. Иймд уг асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулж байна" хэмээн хэлэв. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин асуулт асууж, хариулт авсны дараа “Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Холбоотой мэдээ