АХБ хувийн хэвшилтэй хамтран ажиллахаа мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-11 16:19:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ 2030 он хүртэлх бодлогын хүрээнд, 2024 он гэхэд нийт үйл ажиллагааныхаа гуравны нэгийг хувийн хэвшилд зориулахаа мэдэгдлээ. Монгол Улсын хувийн хэвшлийн салбарын өсөлт АХБ-ны дээрх зорилтод яв цав нийцэж байгаа аж.

Энэ талаар өнөөдөр “Туушин” зочид буудалд болсон “АХБ Монголын хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжууд” сэдэвт уулзалт дээр тус банкны  Монгол дахь дэд суурин төлөөлөгч, ахлах эдийн засагч Деклан Магий дуулгасан юм.


Тэрээр, АХБ хувийн хэвшилтэй дэд бүтэц, ХАА, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллана. Өнөөдрийг хүртэл AХБ-наас Монгол Улсад зориулан нийт 2.5 тэрбум ам.долларын Засгийн газрын санхүүжилтийг баталсан. Эрчим хүч болон санхүүгийн салбарын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад 371 сая ам.долларыг батлаад байгааг онцолсон юм.

Үүнд, Худалдааны санхүүжилтийн хөтөлбөрөөр дамжуулан дотоодын санхүүгийн байгууллагууд, түнш банкуудад олгодог санхүүжилт мөн багтаж байгааг хэллээ. Энэ оны гуравдугаар сард гарын үсэг зурсан Сэрмсанг Хөшигийн хөндийн нарны цахилгаан станцын төсөл нь АХБ-наас Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний (нарны) салбарт хийсэн анхны хувийн хэвшлийн санхүүжилт болсон. Үүгээрээ Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан (Leading Asia’s Private Infrastructure Fund (LEAP)-гаас сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарсан санхүүжилтийг татаж чадсан юм гэдгийг хэлж байв.


Өнөөдрийн уулзалтаар АХБ-наас хувийн хэвшилд үзүүлэх санхүүжилтийн шаардлага, шалгуур үзүүлэлт, нийтлэг нөхцөл, өргөдөл гаргах үйл явцыг танилцууллаа. Тус банк тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Ази, Номхон Далайн орнуудын шинээр үйл ажиллагаа эхэлж буй ААН, компаниудад технологи өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж буйгаа мэдэгдлээ. Уулзалтаар санхүүжилтийн хүрээнд сонгогдсон зарим компанийн төлөөлөлтэй ганцаарчилсан уулзалт хийн, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг дэлгэрэнгүй ярилцлаа.

Уулзалт, семинарт Сангийн дэд сайд Х.Булгантуяа оролцож АХБ-наас Засгийн газарт үзүүлж буй дэмжлэг туслалцаа, төсөл хөтөлбөрийг мөн танилцуулсан юм. Мөн хувийн хэвшлийн гадаад, дотоодын ААН, компани, байгууллагын 200 төлөөлөл оролцлоо.


Тодруулга: 2018 онд АХБ-аас бүс нутгийн хувийн хэвшлийн салбарын 32 санхүүжилтэд зориулж 3.1 тэрбум ам.долларыг өөрийн эх үүсвэрээс баталжээ. Мөн хамтарсан санхүүжилтээр 7.4 тэрбум ам.долларыг босгоод байгаа аж.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ