Хуан Бохолавски: Уул уурхайн орлогыг дахин зохистой хуваарилах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-11 15:13:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүний эрхийн комиссын Гадаад өр, хүний эрх хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохолавски Монголд ажилласан судалгааны тайлангаа өнөөдөр НҮБ-ын Суурин төлөөлөгчийн байранд танилцууллаа.

Тэрээр манай улсын Засгийн газрын урилгаар есдүгээр сарын 2-11-нд ажиллаж, төр, засаг, иргэний нийгмийн байгууллагууд, уул уурхайн төлөөлөлтэй уулзаж Оюутолгой” ХХК-д ажилласан юм. Судалгаагаа Монгол Улсын гадаад өр, эдийн засгийн бодлого, дэд бүтэц, уул уурхайн төслүүдэд олгосон зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалт дээр түшиглэн хүний эрхийн үүднээс авч явуулжээ.

Тэрээр юуны өмнө урьж ажиллуулсан Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлээд, “Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай хэвээрээ байгаа ч байгаль орчноо хамгаалахад гаргах хөрөнгө хумигдсан байна. Тиймээс уул уурхайнханд тусгай зөшөөрөл олгохдоо байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийж явах шаардлагатай байна. Энд дахин хуваарилалтын зохистой бодлого үгүйлэгдэж байна” гэв.

Монголд орлогын албан татвар жигд, 10 хувь байгааг учир дутагдалтай тогтолцоо гэж үзэж буйгаа хэлээд, орлогын хэмжээтэй уялдан өсөн нэмэгдэх татварын дэглэм тогтоох замаар дотоодын нөөц бололцоогоо бүрэн дүүрэн дайчлах явдал чухал  байна гэв.

Эдийн засагт шинэчлэлийн чанга бодлогыг барин ажиллаж буй ч нийгмийн бүлэгт хатуу нөлөөлдөг тал бий гээд үүнийг хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байгаагаар жишээ татаж, “Шинэчлэлийн бодлого хүний эрхэнд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийдэг нийтлэг дадал Монголд тогтоогүй байна” гэдгийг тэмдэглэж байв.

Ер нь татвар, орлого, өр дээр олон талын оролцоог хангасан судалж дүгнэн аль тохирхох хувилбарыг сонгон, одоогийн тогтолцоогоо өөрчлөх бодлого хэрэгтэй байна. Энэ талын зөвлөмжүүдийг Засгийн газарт хүргүүлж буйгаа мэдэгдээд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-Гадаад өрийн хэмжээ нийгэмд хэрхэн нөлөөлдөг вэ? Энд ямар бодлого баривал зохистой байдаг вэ?

-Энэ талаар НҮБ болон олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж бий. Бусдаар би Засгийн газарт ингэ, тэг гэх арга үгүй. Өр дээр Засгийн газрын төлөх чадвар их нөлөөтэй байдаг. Тиймээс гадаад, дотоод өрөө дүн шинжилж, боловсрол, иргэдийн амьдралын түвшин зэрэг салбар салбарын үзүүлэлтээр гаргаж байх нь чухал.

Монголын төрийн гадаад өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж байгаа нь түгшүүртэй зүйл биш. Гэсэн хэдий ч санхүүгийн эрх бүхий байгууллагууд өрийн тогтвортой байдлыг судлахдаа хүний эрхийн хэмжигдэхүүнийг авч үзэн оруулж байх нь зүйтэй. Засгийн газар өрөө төлөхийн тулд, төсвөө бүрдүүлэхдээ, хүний эрх, нийгмийн талыг орхигдуулж, энэ чиглэлийн төсвийн хөрөнгийг танаж болохгүй.

-“Оюутолгой” ХХК-д ажиллахад учир дутагдалтай зүйл юу байв? Тус компани дээр татвар төлөгдөхгүй байгаа маргаан гардаг. Үндэстэн дамнасан компаниуд дээр ямар бодлого барьж, ямар татвар авдаг вэ?

-Тус компани аюулгүйн ажиллагааг сайн хангасан байна. Ханган нийлүүлэгч гэрээт байгууллагуудаа орон нутгаас авч ажиллуулж буй нь сайшаалтай. Иргэдтэй уулзахад Оюу толгойтой холбоотойгоор говьд усан хангамж бэрхшээлтэй байгааг их ярьж байсан. Татвар төлөхгүй байна гэдэг дээр тухайн компани, Засгийн газрын хоорондох, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх зүйл. Энэ тал дээр зах зээлийн үнийг сайн судлах ёстой. Зах зээлийн үнэд суурилсан хөвөгч роялти хэрэглэхийг сонгох нь хувилбар байж болох юм

Ижил төстэй, бусад орны жишээг сайн харьцуулж харж стандартаа тогтоо гэж зөвлөх байна. Энэ нь ганц Оюутолгой ч биш, уул уурхайн компаниуд дээр бүгдэд хамааралтай зүйл бий. Татвар дээр татварын албаны чадавхыг бэхжүүлж дээшлүүлэн нэмэгдүүлж ажиллах нь чухал.

-Монголд эмэгтэйчүүдийн эрх хэр зөрчигдөж байна вэ?

-Бүрэн бус, дунд болон бүрэн дунд сургууль төгссөн эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс илүү хэдий ч эмэгтэйчүүд цалин багатай ажлын байранд илүүтэй ажиллаж байна. Ажил мэргэжлийн ялгаатай байдлаас цалингийн зөрүү их байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 11.4 хувь илүү цалин авч байна гэв.


НҮБ-ын Хүний эрхийн комиссын Гадаад өр, хүний эрх хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохолавски Монголд ажилласан судалгааны бүрэн тайлангаа энэ оны 11-р сард бичиж дуусгаад Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх аж. Үүний дагуу Засгийн газар санал бүхий хариугаа өгнө. Ингэсний эцэст НҮБ-ын Хүний эрхийн комисст танилцуулах юм байна. Цаашид Монголд ажилласан судалгааны ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ тэрээр эцэст нь мэдэгдсэн юм.

 Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ