Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-09-10 21:38:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон тэмдэглэдэг болсноос хойш 24 жил болж байна.

Өнөөдөр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд аймгийн ИТХ-ын ажлын алба хүндэтгэлийн уулзалт зохион байгуулж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулан босгосон хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.

Баянхонгор аймгийн хэмжээнд хэлмэгдэлтийн шуурганд өртсөн 30 гаруй иргэн бүртгэгдсэн бөгөөд өдгөө тэдний үр хүүхэд, ач зээ 600 гаруй хүн байдаг байна. Мөн өдөр Ламын гэгээний Гон гандан дэдлин хийдэд буяны ном хурж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй, дараалалгүй үзүүлсэн бол замын хөдөлгөөнд оролцож буй автомашинууд ойрын гэрлээ асаан явж хүндэтгэл илэрхийлжээ.

Аймгийн ИТХ-ын ОНХХ-ийн дарга Д.Юндэнбазар, "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах болон нөхөн олговор олгох хуулийн шинэчлэлийн хүрээнд хилсээр хоригдож байсан хүний үр хүүхдэд 40 сая, хилсээр цаазлагдсан хүний үр хүүхдэд 80 сая төгрөгийн нөхөн олговрыг олгохоор болсон. Баянхонгор аймгаас 17 иргэн уг хуулийн хүрээнд нөхөн олговрын бичиг баримтыг бүрдүүлснээс одоогийн байдлаар дөрвөн иргэнд олгох шийдвэр гарсан бөгөөд хүсэлт гаргасан бусад иргэдийн материал шүүхийн шатанд хянагдаж байгаа"-г мэдээлэв.
Сонирхуулахад, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулан босгосон хөшөө аймгийн Хөгжимт драмын театрын урд цэцэрлэгт хүрээлэнд байдаг. "Өндөг шиг өөгүй хүмүүсийг "том гараар" нугачин дарж байсныг өгүүлэхийг зорьсон" хэмээн хөшөөг урлаач нь тайлбарласан тус хөшөөг 10 гаруй жилийн өмнө босгож байжээ.