Ард нийтийн санал асуулгыг ирэх сарын 30,31-нд явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-09 15:49:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг ирэх сарын 30,31-нд, гадаадад оршин суугаа иргэдийн дунд 19, 20-нд товлохыг дэмжлээ.


Хуралдааны эхэнд “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” тогтоолын төслийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны хуралдаанд оролцсон 58 гишүүний 55 нь Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн хэмээн танилцуулаад, хуулийн дагуу тогтоолын төслийг боловсруулсныг дурдлаа.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Г.Занданшатар, О.Содбилэг, Н.Цэрэнбат, Ж.Мөнхбат нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах хөрөнгө, сонгогчдын нэрсийн жагсаалт, бэлтгэл ажилтай холбоотой худалдан авах ажиллагааны талаар тодруулсан.


УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, тогтоолын төсөлд ард нийтийн санал асуулга явуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс тусгахаар заасан байгааг тодотгоод, Засгийн газрын нөөцөд энэ хэмжээний мөнгө байхгүйг хэллээ. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд гамшиг, аюулт үзэгдэлд хөрөнгө зарцуулна гэж тусгасныг онцлов. Иймд хууль зөрчихгүйн тулд тогтоолын төслийг өөрчлөх хэрэгтэйг тэмдэглэв. Харин Ард нийтийн санал асуулгын тухай хуульд Санал асуулга явуулахтай холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн байгааг тодотгов. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэвлэн нийтлэх, эхийг иргэдэд таниулах, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой  урьдчилан тооцох боломжгүй бусад зардал гарч болзошгүйг гишүүдэд анхааруулав.


Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Хуульд зааснаар, Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногийн дотор УИХ-аас тов зарлах ёстой гэдгийг тэмдэглэв.  Энэ дагуу санал асуулга явуулах хугацааг 10 дугаар сарын 23-нд гэж тогтоолын төсөлд тусгасан. Гэвч өнгөрсөн 7 удаагийн сонгуульд ашигласан 2400 компьютерийг актлаад, нөхөн бүрдүүлэх ажилд 4 тэрбум төгрөг зарцуулж, тендер зарлаж, гэрээ хийгээд 10 дугаар сарын эхээр авахаар болоод байна. Үүнээс гадна сонгуулийн саналын хуудастай холбоотой асуудлыг Худалдан авах тухай хуулиар шийдэхэд дээрх хугацаанд амжихгүйг сануулаад, өмнө нь СЕХ ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийг зохион байгуулахад шууд худалдан авах зарчмаар шийддэг байсныг тайлбарлав. 


Өнгөрсөн сонгуулиудаар 1983 хэсгийн хороо байгуулж байсан. Энэ удаа санал асуулгын үеэр хэсгийн хороодыг нэмэгдүүлнэ. Оюутнууд, түр оршин суугчдын саналыг хотод авах, хэсэг хуваах, оноолт дээр Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, сумдын Иргэдийн хурал, Засаг дарга Тамгын газруудтай уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг УБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан онцолж байв. 


Энэ үеэр ЕТГ-ын дарга З.Энхболд, Ард нийтийн санал асуулгын тухай тогтоолын төсөлд Ерөнхийлөгчөөс “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг нэмж тусгах саналтай байгааг танилцуулав. Мөн Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа татаж байгааг уламжиллаа. 


Байнгын хорооны дарга С.Бямбацогт,  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг асуултаар л санал асуулга явуулна. Учир нь өөр асуулт байж болохгүйг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тодорхой заасан. Ерөнхийлөгчийн болон УИХ дахь АН-ын зөвлөлийн санал хэлэлцүүлгийн үед дэмжигдэж, Үндсэн хуулийн төсөлд тусгагдсаныг тайлбарлав. Мөн уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг  иргэдэд тайлбарлаж, танилцуулах талаар УИХ, Засгийн газар, аймаг нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ-д үүрэг  өгсөн гэж байлаа. 


Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг 10 дугаар сарын 30,31, гадаадад байгаа иргэдийн санал авах өдрийг 19,20 гэж өөрчлөх санал гаргасан. Энэ дагуу санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Түүнчлэн “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.  Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ