Б.Наранхүүд МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одон гардуулав

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-08 15:52:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг шагнав.


Монгол Улсын баг тамирчдаас анх удаа “Бээжин-2008” олимпын наадмаас алтан медаль хүртсэний 11 жилийн ойн хүрээнд энэхүү хүндтэй шагналыг гардуулж байгаа бөгөөд одонг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган, олимпын аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардууллаа.


МҮОХ-ны “Анхны алтан түнш” байгууллага болох Дүнжингарав ХХК “Бээжин-2008” олимпын наадамд оролцох баг тамирчдыг дэмжин олимпизмыг түгээн дэлгэрүүлж, анхны олимпын аваргууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Бээжин-2008” олимпын наадмаас алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт нэг сая ам.доллар, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшуулал олгосон байна. Тэрбээр цаашдаа ч олимпод оролцох баг тамирчдыг дэмжих, спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаа онцолжээ.

Холбоотой мэдээ