Хорих ангиас суллагдсан залууст “Шинэ амьдрал” төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 09:37:07

Өвөрхангай аймгийн ИТХ-аас зарласан “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө гарчээ.

Үүнд сум бүрт залуучуудын уулзат, сургалт, хэлэлцүүлэг, спорт, соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах, ажил олгогч, ажилгүй залуусыг холбосон хөдөлмөрийн яармаг ажиллуулах, богино хугацааны мэргэжил олгох сургалт, бизнесийн арга ухаанд суралцуулах, хувиараа хөдөлмөр эрхлэгч залуучуудыг хөнгөлттэй зээлээр дэмжих, хорих ангиас суллагдсан залууст “Шинэ амьдрал” төсөл хэрэгжүүлж, ажлын байраар хангах зэрэг ажлыг төлөвлөөд байна.

Мөн 18-35 насны залуучуудын боловсрол, эрүүл мэндэд анхаарч, мэргэжлээрээ ажиллаж буй залуу боловсон хүчнийг гадаад, дотоодын мэргэжил дээшлүүлэх богино хэмжээний сургалтанд хамруулах, төрийн байгууллагуудын спорт заалуудад долоо хоног бүр нэг удаа үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, сумдад фитнес клуб, чийрэгжүүлэлтийн танхим байгуулах сонирхолтой хувийн хэвшлийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хөдөөгийн залуу малчдын дунд ажил мэргэжлийн уралдаан, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, салбар бүрт амжилттай ажиллаж байгаа тэргүүний залуусыг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөөд байгаа аж.

Зорилтот жилийн үйл ажиллагаа 3 сараас эхлэн бүх сумдад хэрэгжиж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ