Завханд хэрэглээний барааны үнэ өсжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-09-08 10:53:21

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12 тэрбум 100 гаруй сая төгрөг болж өнгөрсөн оноос 55.7 хувиар өссөн байна. Аймгийн нийт үйлдвэрлэлийн 40 хувийг иргэдийн үйлдвэрлэл эзэлж байна.

Өнгөрсөн жил аймгийн уул уурхайн салбарт алт 1.2 тонн буюу 72.6 тэрбум төгрөгийн, мөнгө 2.0 тонн буюу 1.6 тэрбум төгрөгийн олборлолт хийж байжээ. Харин хэрэглээний бараа, үйлчилгээний ерөнхий индекс 2018 оны хагас жилтэй харьцуулахад 127.7 хувь болж өнгөрсөн оноос хэрэглээний бараа үйлчилгээний үнэ ханш 27.7 хувиар өссөн дүнтэй байна. Үүнд хүнс, хувцас бөс бараа, согтууруулах ундаа, орон сууц, цахилгаан, гэр ахуйн тавилга, хэрэгсэл, эм, тариа, тээвэр, холбоо, боловсролын үйлчилгээний салбаруудад 1-4 хувиар өссөн байна.

Завхан аймагт хонины мах 1кг нь 8000-8500, үхрийн мах 1кг нь 9000-9500, ямаа, адууны мах 1кг нь 7000-7500 төгрөгийн үнэтэй байна. Өнөөдрийн байдлаар баруун бүсийн аймгуудад 1л А-80 бензин 1800-2010, А-92 бензин 1880-2090, дизелийн түлш 1890-2260, Улаанбаатар А-80 бензин 1600-1750, А-92 бензин 1830-1840, дизелийн түлш 2350-2370 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин Завхан аймагт Хөрш аймгуудтай харьцуулахад дээрх түлш бүр 1л нь 200-300 төгрөгийн нэмэгдэлтэй байна. 

Холбоотой мэдээ