Монгол-Хятадын эрдэм шинжилгээний байгууллагууд 13 санамж бичигт гарын үсэг зурав

Монголын мэдээ | Боловсрол
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-07 10:46:33

Улаанцав /МОНЦАМЭ/. "Монгол-Хятадын экспо 2019" Монгол-Хятадын хамтарсан технологи дамжуулалт ба инновацын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн хурлаар үргэлжилж байна. 


"Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд Хятад-Монголын технологиудыг танилцуулах болон Шинжлэх ухааны парктай холбоотой асуудлаар талууд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн нь тус хурлын онцлог байв. Тухайлбал, Шинжлэх ухааны үзэсгэлэнд Монголын талаас эрдэм шинжилгээний байгууллагуудын найман төлөөлөл оролцож, судалгааны ажлын үр дүн, бүтээлүүдээ танилцуулсан юм.




БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр: "Монгол Улсын шинжлэх ухаан, гадаад бодлогын тэргүүлэх зорилт нь хөрш орнууд, хуучны уламжлалт харилцаатай улс орнууд болон бүс нутгийн орнуудтай тогтоосон харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжингүй улс орнуудтай тогтоосон хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын хоорондын бүтээлч ажлыг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн. Монгол Улсын баялаг, органик түүхий эдийг түшиглэж дэлхийн зах зээлд өрсөлдөх, мэдлэгт түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, үйлдвэрлэх, экспортлох томоохон боломж байна. Иймд бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцаа тааламжтай байгаа энэ үед шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх механизм бий болгох нь чухал ач холбогдолтой" гэв.

 

"Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд Хятад-Монголын технологи дамжуулалт болон инновацын хамтын ажиллагааг дэмжих нь Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн БНХАУ-ын Шинжлэх ухааны академи болон Инженерийн академийн төлөөлөгч Янь Чүлян хэлэв. 


Одоогийн байдлаар Хятад-Монголын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны 120 гаруй төсөл цуглажээ. Үүнээс газар дээр нь гэрээ байгуулах 15 төсөл, гол чиглэлээр санал болгосон 11 төсөл багтсан юм. Төслүүдийг харвал орчин үеийн хөдөө аж ахуй, эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах, Монголын анагаах ухаан, биотехнологи, мэдээллийн технологи зэрэг олон чиглэлийг хамарсан байгааг тус хурлын зохион байгуулагчдын зүгээс онцолсон.


Энэхүү салбар хурлын бас нэгэн онцлох зүйл нь Шинжлэх ухаан, технологи, инновац, орчин үеийн хөдөө аж ахуй, монгол эм, эмнэлэг, уул уурхай, нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэх хамтын ажиллагааны 13 санамж бичигт хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагууд гарын үсэг зурсан явдал байв. Энэ нь хоёр орны хооронд технологи, инновацын туршилга солилцох томоохон боломж ирж байгаагийн илрэл юм. 


Монгол Улсын шинжлэх ухааны академи нь өнөөгийн байдлаар 30 гаруй орны 100 гаруй үндэсний академи болон шинжлэх ухааны байгууллагатай холбоо тогтоож, хоёр талын болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлж буй.

Монгол Улс болон БНХАУ шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд цаашид өндөр технологийн салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, Монгол Улсад Хятад улсын тусламжтай байгуулсан, байгуулж буй лаборатори, технологи дамжуулах төв, технологийн инкубаторын ашиглалтыг сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх талаар нягт хамтран ажиллахыг зорьж байгааг Монгол Улсын шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Академич Т.Ган-Эрдэнэ тус форумын үеэр танилцуулсан юм. 


"Нэг бүс, нэг зам" санаачилгын хүрээнд олон улсын байгууллагуудын эвсэл 2018 оны 11 дүгээр сарын 4-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод байгуулагдсан түүхтэй. Тэр ч утгаараа Хятад улс бүс нутгийн Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын эвслийг санаачилсан төдийгүй тус санаачилга нь шинжлэх ухааны салбартай нягт уялдаа холбоотой болохыг илтгэж байна. 

Холбоотой мэдээ