Баян-Өлгий аймагт нүүрсний үнэ нэмэгджээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-06 16:27:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийг нүүрсээр хангадаг "Хотгор" компани саяхнаас нүүрсний үнээ нэмжээ.  

Тодруулж хэлбэл, өнгөрсөн сараас уурхай дээрх нэг тонн бүхэл нүүрсний үнийг таван мянган төгрөгөөр нэмж 39800, шигшүүрээр ангилан ялгасан нүүрсний үнийг 3500 төгрөгөөр нэмж 36300 төгрөгөөр тус тус борлуулж байна.

"Нүүрсний үнэ өсөхөд компанийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд хөрөнгө оруулах шаардлага үүссэн, ажилчдын цалин хөлсийг нэмсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Цаашид бензин, шатахууны үнэ нэмэгдээгүй тохиолдолд нүүрсний үнийг дахиж өсгөхгүй. Манай компанийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, хөрс хуулалтын ажлаа хийж дуусгасан байгаа. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээдэг бөгөөд ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглосон байдаг. Тийм учраас энэ сарын 10-наас эхлэн бүхэл нүүрс гаргахыг зогсоож, шигшүүрээр ангилан ялгасан нүүрсээ борлуулж эхэлнэ. Ангилан ялгасан нүүрсний хэмжээний хувьд 2,5 см-ээс дээш байгаа" хэмээн "Хотгор" компанийн гүйцэтгэх захирал З.Кадирхан хэлэв.

Баян-Өлгий аймгийн айл өрх, албан байгууллагууд жилд ойролцоогоор 70 орчим мянган тонн нүүрс түлдэг. Уурхай дээр нүүрсний үнийг нэмсэн, бензин, шатахууны үнийн хөөрөгдөлтэй холбоотой тээврийн зардал өссөн зэргээс шалтгаалан одоо Өлгий хотод нэг тонн нүүрс 75 мянган төгрөгөөр зарагдаж байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 10 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт бөгөөд ард иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр дарамт үүсгэж эхэлснийг иргэд хэлж байна.   

Холбоотой мэдээ