Улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт Ховд аймагт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-05 21:48:24

Ховд /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудад зориулсан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” сэдэвт баруун бүсийн сургалт энэ сарын 5,6-ны өдөр Ховд аймагт болж байна.

Улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилтийг хангах замаар салбар байгууллагын ажилтнуудын хууль эрх зүй болон ёс зүйн мэдлэг,  ур чадварыг дээшлүүлэхэд сургалтын зорилго чиглэж буй.

Энэ удаагийн сургалтад Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж болон Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөл 150 орчим хүн оролцож байна. Тэд бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд ойртуулах, ил тод, нээлттэй болгох арга замын талаар харилцан санал солилцов.

Энэ үеэр төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын үйлчилгээний стандарт, хяналт шинжилгээ, үнэлгээний аргачлал, бүртгэлийн систем ба нэмэлт өөрчлөлт, анхаарах асуудал, иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн практик хэрэглээ, архивын эх нотлох баримтын нөхөн бүрдүүлэлтийн тухай холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Түүнчлэн хүний нөөцийн бодлого, төрийн албан хаагчийн хувийн хэргийн баяжилт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөлт, архивын цахим програмаас лавлагаа олгох аргачлалын талаар хэлэлцэж, оролцогчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлж байна. 

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тухайд  40 гаруй ажилтантай. Иргэний бүртгэл болон эд хөрөнгө, хуулийн этгээд, архив гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудад зориулсан баруун бүсийн сургалтыг энэ онд  орон нутагтаа анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог аж.  

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Харин Ховд аймаг төрийн ажлыг сайжруулах, шинэ шатанд гаргах зорилгоор “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр” хэрэгжүүлж байна. Үүний дагуу Улсын бүртгэлийн байгууллагаас “Нэг иргэн-Нэг бүртгэл” уриан дор иргэдэд шуурхай үйлчлэх, иргэний үүргийг дээшлүүлэх,  эрхийг хамгаалахад  бодлого,  зорилтоо  чиглүүлэн ажиллаж байна.


 

Холбоотой мэдээ