ШШГГ дэргэдээ цэцэрлэг байгуулж ашиглалтад орууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-04 16:25:29

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангийн хамт олон иж бүрэн тохижуулсан 30 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ цэцэрлэгийг барьж ашиглалтад орууллаа.


Улсын хэмжээнд дэргэдээ цэцэрлэгтэй 11 байгууллага байдгаас Хэнтий аймгийн хэмжээнд анхдагч нь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих анги болов. Цэцэрлэгийн нээлтэд аймгийн БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг, Чингис хотын захирагч Ц.Идэрбат, Хэрлэн сумын долдугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Сансарцэцэг, ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга дэд хурандаа Д.Хатанбаатар болон бусад албаны хүмүүс оролцов.


Уг барилга өмнө нь тус байгууллагын ажилчдын цайны газар байсан бөгөөд хоёр сарын хугацаанд засч тохижуулсан байна. Одоогоор ШШГГ-ын алба хаагчдын 14 хүүхэд хамрагдаж байгаа аж. Хэрлэн долдугаар цэцэрлэгийн шинэ салбар болох тус ангид ажилчдын хүүхдүүдээс гадна тус цэцэрлэгийн 2-3 насны бага бүлгийн хүүхдүүд хамрагдаж байгаа юм. Ингэснээр долдугаар цэцэрлэгийн хамран сургалтын ачаалал даах чадвар дээшилснээс гадна энэ хичээлийн жилд 150 хүүхэд бүртгэн хүлээн авч А, Б бүхий хоёр бэлтгэл бүлэг нээгээд байна.


Хэнтий аймгийн хэмжээнд 1900 гаруй хүүхэд СӨБ-ын байгууллагад хамрагдаж байгаа бөгөөд энэ нь цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 90 гаруй хувь нь юм байна. 





Холбоотой мэдээ