Тариа хураалт 15-наас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-04 16:00:59

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ жилийн тариа хураалтын ажил есдүгээр сарын 15-наас эхэлнэ хэмээн Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Тус аймаг энэ жил нийт 19199 га–д тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 12236 га-д, малын тэжээл 1430 га-д, рапс 5220 га-д, төмс 177 га-д, хүнсний ногоо 136,8 га-д тус тус тарьсан аж. Тариа хураалтад нийт 54 комбайн, 100 гаруй хүн, 30 гаруй машин техник ажиллахаар бэлтгэл ажлаа хийж байна.

Аймгийн хэмжээнд ургацын урьдчилсан баланс тогтоох ажлыг наймдугаар сарын 15-20-ны хооронд тогтоож, үр тариа нэгжээс 12,6 цн буюу 14,5 мянган тн, малын тэжээл 3,9 мянган тн, рапс нэгжээс таван цн буюу 2,6 мянган тн, төмс нэгжээс 110 цн буюу 1,9 мянган тн, хүнсний ногоо нэгжээс 130 цн буюу 1,8 мянган тн-ыг тус тус хураан авах төлөв гарсан байна. Баланс тогтоолтоор “Өндөрхаан” ХХК-ийн 576 га талбай мөндөрт цохиулж, “Баян-Эрдэс” ХХК-ийн 150 га улаанбуудай, овьёос  болц гүйцээгүй шалтгаанаар тэжээлд шилжүүлжээ.

Үр тарианы таримлын болц харилцан адилгүй байгаа бөгөөд Биндэр сумын “Биндэрьяа буудай”, Дадал сумын “Дадал буудай”, “Энх ногоон  тал”, Норовлин сумын “Баян-Эрдэс” ХХК-ууд тариалалтыг оройтуулснаас шалтгаалан тариа хураалт сунжрах төлөвтэй байгааг газар дээр нь технологийн зөвлөмж өгч ажилласан байна.  

Холбоотой мэдээ