АХБ: Бичигт болон Боршоо боомтуудыг шинэчлэн сайжруулахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-03 17:05:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-наас Сүхбаатар аймаг дахь Бичигт болон Увс аймгийн Боршоо боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж шинэчлэн засварлахад 27 сая сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталлаа.

Энэ нь хил дамнасан худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлэх юм гэдгийг АХБ-наас ирүүлсэн мэдээнд дурджээ. “Хилийн боомтууд дахь барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх замаар худалдаа эрхлэхэд зарцуулж буй цаг хугацаа, зардлыг бууруулах боломжтой. Энэ ч утгаараа Монгол Улсын засгийн газарт үзүүлж буй АХБ-ны дэмжлэг нь худалдаа эрхлэх ажиллагааг илүү ил тод, үр дүнтэй болгож худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чиглэнэ” хэмээн АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Өнөржаргал тэмдэглэж байна.

Одоо хэрэгжиж буй Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг, Сүхбаатар боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчилж байгаа бөгөөд уг төслийн үргэлжлэл болгон олгож буй нэмэлт санхүүжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Бичигт боомт, Увс аймаг дахь Боршоо боомтыг тус тус шинэчлэн сайжруулах юм.


Мөн төслийн хүрээнд хийж буй Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу КАИС системийн өргөтгөл, гадаад худалдааны цахим нэг цонхны системийн бэлтгэл ажлыг шинээр сонгосон дээрх хоёр боомтод нэвтрүүлнэ. Үүний зэрэгцээ шинэ төслийн хүрээнд хилийн дөрвөн байгууллагын ажилчдын чадавхыг бэхжүүлэх юм. Хилийн эдгээр боомтоор дамжин хөрш ОХУ, БНХАУ-тай хийх хоёр талын худалдаа болон транзит ачаа тээврийн эргэлт цаашид өснө хэмээн Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа юм. 2026 он гэхэд Бичигт боомтоор дамжих худалдааны эргэлт хоёр дахин нэмэгдэж 400 сая ам.долларт хүрэхээс импорт 95 сая ам.доллар, харин Боршоо боомтоор дамжих худалдаа эргэлт гурав дахин нэмэгдэж 95 сая ам.долларт хүрэх бөгөөд, үүний ихэнх хувийг импортоос шалтгаалсан өсөлт эзэлнэ гэж төлөвлөжээ.  

 

Холбоотой мэдээ