В.Путиний Монгол Улсад хийж буй айлчлал Ази дахь ОХУ-ын оролцоог харуулах зорилготой

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-09-03 16:13:15

МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Eрөнхийлөгч Владимир Путиний Монгол Улсад хийж буй айлчлалыг Азийн бүс нутаг дахь Оросын гадаад бодлого идэвхжиж буйн илрэл гэж харах хэрэгтэй гэж олон улсын хэлэлцүүлгийн "Валдай" клубийн хөтөлбөрийн захирал Тимофей Бордачев үзэж байна. Тэрбээр айлчлалтай холбогдуулан ТАСС агeнтлагт ярилцлага өгчээ. 

  

"Энэ айлчлал эртнээс чухал байсан гэж бодож байна. Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад гурван ч удаа оролцсон бөгөөд Орос улс Евразийн том орон зайг бий болгох үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж байгаа. Энэ орон зайд Монгол Улс ч мөн чухал байр суурь эзэлнэ. Ерөнхийдөө ОХУ Ази дахь хэлхээ холбоогоо идэвхжүүлж байна. Энэхүү айлчлал нь хоёр талын хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Энд манай улстай шууд хиллэдэг, ямар ч тохиолдолд мартах ёсгүй томоохон хөрш орны тухай яригдаж байна" гэж шинжээч хэлжээ. 


Хэдийгээр хүн ам цөөтэй, эдийн засаг нь жижиг боловч Монгол Улс нь газарзүйн байршлаасаа хамаараад бүс нутагт чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Бордачев онцолсон байна. "Хөрш бүх орон Монгол Улсыг хамтын ажиллагааны бүс нутгаа болгох сонирхолтой гэдэгт эргэлзэх зүйлгүй" гэж тэрбээр цохон хэлжээ. 


Шинжээчийн хэлснээр, Оросын удирдагчийн Улаанбаатарт хийх айлчлалыг эртнээс төлөвлөсөн байсан бөгөөд долдугаар сард АНУ болон Монгол Улсын хооронд стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь айлчлал хийх төлөвлөгөөнд нөлөөлөөгүй, тиймээс энд Азийн энэ орны төлөөх Орос, Америкийн геополитикийн өрсөлдөөний тухай ярих нь зохимжгүй юм. 


"Энд Монголын төлөөх ямар нэг тэмцэл болж байна гэж би бодохгүй байна. Манай Америкийн түншүүд боломж байгаа газар бүр очихыг эрмэлздэг, гэхдээ энэ тохиолдолд Орос эсвэл Хятад улсын зүгээс шахалт ирнэ гэж санаа зовинох шалтгаан болохгүй


Монгол Улсын одоогийн засаг захиргаа нь Москва, Бээжин, Вашингтоны харилцааг тэнцвэржүүлэхийг хичээж байсан өмнөх Засгийн газруудыг бодвол Орос, Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа. Монголын талын хувьд ОХУ-тай хамтран ажиллах нь маш чухал. Учир нь Хятад улсын өсөн нэмэгдэж буй нөлөөг ямар нэгэн байдлаар тэнцвэржүүлэхэд тусална" гэж тэрбээр ярьжээ. 


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийхээр даваа гарагт Улаанбаатарт хүрэлцэн очсон билээ. Тэрбээр Монгол Улсын төрийн тэргүүнтэй хэлэлцээ хийснийхээ дараа Монгол Улс болон ОХУ-ын Найрсаг  харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай шинэ гэрээнд гарын үсэг зурлаа. В.Путин мөн Халх голын тулалдаанд Зөвлөлт, Монголын цэргүүд ялсны 80 жилийн ойд зориулсан баяр ёслолын үйл ажиллагаанд оролцоно.

Холбоотой мэдээ