Амрахаар очсон хүмүүс Толбо нуурын эргийг бохирдуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-02 22:04:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт тус аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт орших Толбо нуурын эрэг орчимд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар нуурын эрэг ил задгай хаясан эзэнгүй хог хаягдлаар бохирлогдсон, тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газрууд эзэмшил газрын орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тийм учраас Толбо сумын ЗДТГ-т эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэж тогтоосон цэгт ачиж зайлуулах гурван өдрийн хугацаат үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулжээ. Мөн сум хариуцсан байгаль хамгаалагчдын ажлын хариуцлага сул, хяналт шалгалт хийж зөрчил арилгуулдаггүй хэмээн үзэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажил эрчимжүүлэх мэдэгдэл хүргүүлсэн байна.

Толбо нуур нь Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур юм. Өлгий хотоос өмнөд зүгт 34 км зайд Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам дагуу оршдог. Нуурын эрэг орчимд Сунхар, Kazakh eagle, Altai expedition, Толбо нуур зэрэг дөрвөн амралтын газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хувиараа аялж зугаалах хүмүүсийн тоо ч сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа ажээ.

Холбоотой мэдээ