Журмын хашаанд саатуулсан машин, мотоциклыг эздэд нь буцаан олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-02 17:18:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчлийн улмаас Түр саатуулах байранд саатуулагдсан автомашин, мотоциклыг аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу буцаан олгож байна.

Тээврийн хэрэгслийг зөвхөн эзэмшэгчдэд нь буцаах бөгөөд хураамжны 30 мянган төгрөгийг тушааж, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолтыг авчирснаар ямар нэг торгуульгүйгээр машин, мотоциклоо авах юм. Иргэдийн хэлж заншсанаар “Журмын хашаа” гэж нэрлэгддэг тус байранд жилд дунджаар 1350-1500 тээврийн хэрэгсэл орж, гардаг ба үүний тал хувь нь мотоцикл аж. Бичиг баримтгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хамгаалах малгай өмсөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэх зэргээр 2017 онд 1000-1100, 2018 онд 1700-1800 хүний тээврийн хэрэгслийг түр саатуулжээ.

Хууль, журмын дагуу торгуулиа төлөөд тээврийн хэрэгслээ авах ёстой ч иргэд, малчид мөнгөгүй гэх шалтгаанаар мотоциклоо орхиод явдаг бөгөөд Түр саатуулах байрны хоногийн төлбөр нэмэгдэж, бараг шинэ унаа авах хэмжээний өрөнд ордог байна. Тиймээс журмын хашаанд 3-5 жилийн өмнө саатуулсан мотоциклууд ч байгаа аж.

 

 

Холбоотой мэдээ