Эрдмийн баярын нээлтийн үеэр сургалтын орчинтой нь танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-02 09:31:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Шинэ хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд оролцож их эрдмийн харгуйд шамдан суралцаж байгаа хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүддээ баярын энэ өдөр нь мэндчилгээ дэвшүүллээ.

Д.Энхтайван захиралтай Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2 дугаар сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар оролцож баяр хүргэлээ. Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа 2 дугаар сургуульд гурван ширхэг ус цэвэршүүлэгчийг гардуулан өгч сургалтын орчинд нь туслалцаа үзүүлсний зэрэгцээ анги танхим, сургалтын орчинтой нь танилцав.

Тус сургуулийн хувьд 2013 оны “Аймгийн тэргүүний хамт олон”, 2015 оны “Улсын тэргүүний сургууль”, 2016, 2018 оны “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар тус тус шалгарсан бөгөөд суралцагч дотроос дэлхийн шатрын аварга нэг, дэлхийн бяцхан мисс нэг тодроод байгаа аж. Мөн 2014, 2016, 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтаар гурван сурагч 800 оноо авч, сүүлийн дөрвөн жилд аймагтаа сурлагаараа эхний гурван байрт тогтмол манлайлж яваа, сурлага, урлаг, спортын олон арван шилдэг хүүхэд багачуудыг төрүүлэн гаргаж байгаа давуу талтай юм.

Сурагчдын сурах таатай орчин бүрдүүлэх, сургалтын бааз сууриар хангах, хүүхэд нэг бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх тал дээр тус сургууль онцгой анхаарал хандуулж зорьсон зорилгодоо хүрчээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд 2200 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн алтан босгыг алхан орлоо. Тус аймгийн боловсролын салбарт 1400 багш ажиллаж, 35 сургуульд 21000, 45 цэцэрлэгт 9000 хүүхэд, багачууд сурч хүмүүжих гэнэ.

Холбоотой мэдээ