2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Фото
185@montsame.mn
2019-09-01 16:41:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Эрдэмтэн багш, эцэг эхчүүд, энхрий бяцхан үрсийн жаргалын дуу, мөнгөн хонхны дуу цуурайтсан Говь-Алтай аймгийн сургууль цэцэрлэгүүд үүдээ нээж 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна.

Энэ хичээлийн жилд Говь-Алтай аймгийн боловсролын салбарт нийт 1205 багш, сурган хүмүүжүүлэгч, СӨБ-ын 4500 хүүхэд, ЕБС-ийн 11,793 сурагчийг хүлээн авч хичээл сургалтын ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Тэдгээрээс нэгдүгээр ангид 1200 орчим хүүхэд, 12 дугаар ангид 867 сурагч дэвшин суралцаж байна.

Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж оролцож боловсролын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаас дурдаж нийт багш, сурагчдад баяр хүргэж үг хэлэв.

Хичээлийн шинэ жилд тус сургууль нийт 67 багш, ажилчид 900 орчим сурагчидтай сургалт, хүмүүжлийн ажлаа эхлүүлж байгаа юм.