Таван сум хадлан тэжээл бэлтгэх ажилдаа гарчээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-08-31 13:09:39

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Норовлин сумынхан хадлан, тэжээл бэлтгэх ажилдаа гараад байна.  

Тус сумдууд одоогоор 12116 тн байгалийн хадлан, таван тн гар тэжээл бэлтгээд байгаа аж. Бусад сумын хувьд цаг агаарын байдлаас шалтгаалан хадлан бэлтгэх ажилд гараагүй байгаа гэнэ. Аймгийн хэмжээнд хадлан тэжээл бэлтгэх ажилд дугуйт трактор 32, бага оврын трактор 681, хадуур 562, тармуур 429, хаман боогч тав, морин хадуур 407, чиргүүл 519, нийт 2635 техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаад байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 285 дугаар тогтоолын дагуу тус аймгийн аюулгүйн нөөцөд 300 тн өвс, 80 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1800 тн өвс, 540 тн тэжээл, малчид өөрсдийн хөрөнгөөр 130 мянган тн байгалийн хадлан, 180 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөгджээ.

Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр ургамлын ургалт Цэнхэрмандал суманд дунд зэрэг, бусад сумын нутгаар сайн гэсэн мэдээтэй байгаа бөгөөд нийт нутгаар ургамлын дундаж өндөр 7-25 см байна. 

Холбоотой мэдээ