Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-30 15:36:10
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНСВУ-д ажлын айлчлал хийж буй ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр ВКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Миньд бараалхлаа.


Шадар сайд Фам Бин Минь Монгол, Вьетнамын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтын дүнг сайшааж, Монгол Улстай харилцах асуудалд Вьетнам Улс өндөр ач холбогдол өгдөгийг онцлон тэмдэглэв. Мөн түүхэн уламжлалт найрсаг харилцаатай манай хоёр улсын хувьд, энэ онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгааг дурдаад цаашид улс төрийн харилцааг улам бэхжүүлж, дээд, өндөр түвшний айлчлалыг тогтмолжуулахын төлөө байгаагаа илэрхийллээ. Талууд хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж байгааг цаашид 100 сая ам.долларт хүргэх чиглэлд ажиллахаар ярилцав.


Дэд сайд Б.Батцэцэг уламжлалт, найрсаг харилцаатай БНСВУ-тай хөгжүүлж буй харилцааг дараачийн шатанд гаргах чиглэлд хамтран ажиллах санал тавив. Мөн Вьетнам Улстай хоёр талын харилцааг урагшлуулан хөгжүүлэхийн сацуу АСЕАН-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тус улсын дэмжлэгийг авч ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэлээ.


Вьетнам Улс АСЕАН болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны түвшинд ч Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллах бөгөөд ирэх онд тус улс АСЕАН-ыг даргалах тул АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт зэрэг хамтын ажиллагааны механизмын хүрээнд нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Шадар сайд Фам Бин Минь онцлов.

Холбоотой мэдээ