Х.Зауре: 2019-2020 оны хичээлийн жилээс хүүхдүүд сурах бичгийг түрээсээр ашиглана

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-30 12:39:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Зауретэй уулзаж, бэлтгэл ажлын явц, тус аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Бэлтгэл ажил хэр зэрэг хангагдсан бэ?

-2019-2020 хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 7754 хүүхэд, 1044 багш ажилтан, ерөнхий боловсролын сургуульд 23500 сурагч суралцаж, 2876 багш, ажилтан ажиллахаар бэлтгэл ажлаа хийгээд байна. Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн их засварын ажлыг 90 хувьтай хийсэн. Үлдсэн 10 хувь нь тухайн сургууль, цэцэрлэгт хамааралгүй буюу төсөв мөнгөний асуудлаас шалтгаалан хүндрэл учраад байгаа. Үүссэн нөхцөл байдлыг аймгийн Засаг даргад танилцуулж, шийдвэрлэхээр ажиллаж байна.

 Аль аль сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна вэ?

- Өлгий сумын гуравдугаар цэцэрлэгийн барилга нь сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа. Хэд хэдэн анги болон гал тогооны дээвэр нь унасан, ариун цэврийн өрөө нь хүүхэд бие засах боломжгүй байна. Мөн тус сумын 12 дугаар цэцэрлэгийн барилга бас асуудалтай. Хөрөнгө мөнгө, эсвэл түрээсийн байрны асуудал шийдэгдвэл эдгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулна.

 Алтанцөгц сум, Цагааннуур тосгоны цэцэрлэгийн засварын ажил дөнгөж эхэлж байгаа гэсэн мэдээлэл авлаа.

- Нэр дурдагдсан цэцэрлэгүүдийн их засвар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ёстой байсан. Тендер нь хугацаандаа зарлагдсан ч компаниудын тендерийн маргаанаас болж хойшлогдсон. Хэрвээ засварын ажил нэг сарын дотор дуусахаар байвал тэр хүртэл гэр барьж бүлгийн зохион байгуулалт хийхээр шийдээд байна.

 Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад орох объект байна уу?

- Булган сумын Ёлт багийн бага сургуулийн хичээлийн байр спорт заалын хамт ашиглалтад орж байгаа. Доторх эд хогшил, тоног төхөөрөмжийг нь БСШУСЯ-нд хандаж шийдвэрлүүлээд наашаа ачуулсан. Турк Улсын ТИКА-гийн төслөөр барьсан Өлгий сумын долдугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга мөн ашиглалтад ороод байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ногооннуур суманд 50 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад орж, эд хогшил, тоног төхөөрөмж нь шийдэгдсэн. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар Өлгий сумын дөрөвдүгээр багт барьсан 50 хүүхдийн цэцэрлэгийг хичээл эхлэхээс өмнө ашиглалтад өгөх ёстой.

 Ондоо багтааж ашиглалтад орох объект байна уу?

- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өлгий сумын 3 дугаар багт барьж байгаа сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга гэрээний дагуу ирэх 11 дүгээр сарын 31-нд дуусах ёстой. Гэхдээ гүйцэтгэгч компани ажлаа хугацаанаас нь өмнө дуусгаж 10 дугаар сарын нэгэнд ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа талаар бидэнд мэдээлсэн.

 Тус аймгийн багш нар өчигдөр бага хурлаа хийж, 2018-2019 хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтынхоо хэрэгжилтийг хэлэлцлээ. Боловсролын салбарын өнгөрсөн онд хүрсэн амжилт, ололтоос дурдахгүй юу?

- 2019 он манай салбарын хувьд эрх зүйн шинэчлэл хийсэн жил боллоо. Тухайлбал, Засгийн газрын түвшинд нийтдээ 19 журамд өөрчлөлт оруулсан. Мөн багш нарын долдугаар их хурал хуралдаж, тулгамдсан олон асуудлыг газар дээр нь шийдлээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг онлайнаар газар дээр нь гаргах нөхцөл боломж бүрдлээ. Суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж байгаа хүүхдүүдэд гэрчилгээ, үнэмлэхийг нь цахимаар олгодог тогтолцоо бүрдүүлсэн зэрэг олон ажлыг дурдаж болно. Түүнээс гадна сургалтын Цөм хөтөлбөрийг бүх хичээлд хэрэглээд нэлээд удаж байна. 2019 оны 3-4 дүгээр сард БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс мэргэжлийн хүмүүсийг орон нутагт урьж ирүүлэн, Цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн. Тус хөтөлбөрийн сайжруулалтыг орон нутагт түгээн дэлгэрүүлэхийн тулд 49 сургагч багш бэлтгэж, улмаар саяхан аймгийн бүх багш нарт таван өдрийн турш сургалт зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл, сайжруулсан хөтөлбөр, түүний хэрэгжүүлэх багш нар маань бэлэн болсон. Одоо хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшүүлэх том ажил бидний өмнө байна.

 Сурах бичгийн хангалт, татан авалтын ажлыг хэрхэн зохион байгуулав?

- Нөхөн хангалтаар авах сурах бичгийнхээ 40 харуй хувийг татан аваад байна. Сургуулиуд хуваарийн дагуу сурах бичгээ аваад эхэлсэн. Энэ жил сурах бичгийг түрээсээр ашиглуулах тухай сайдын тушаал гарсан. Уг ажлыг тухайн сургуулийн захиргаа зохион байгуулна.

 Өмнөх жилүүдэд сурах бичиг хүрэлцдэггүй асуудал байнга гардаг байсан. Энэ жил байдал ямар байх бол?

- Одоогоор энэ талаарх тодорхой судалгаатай танилцаагүй байна. Хүртээмж аяндаа сайжирна гэж бодож байгаа. Боломж байна.

 Та өмнөх ярилцлагадаа 18 төрлийн сурах бичиг казах хэлэнд алдаатай орчуулсан гэж хэлж байсан. Үүнийг засаж сайжруулсан уу?

- Агуулга, үг, үсгийн алдаатай бага ангийн 18 төрлийн сурах бичгийн асуудлыг гурван жил ярьсан. Боловсролын хүрээлэн эдгээр сурах бичгийг зохиосон зохиогч, ажлын хэсэгтэй нь нэг бүрчлэн уулзаж, алдааг нь засаж дуусгасан. Одоо хэвлэлтэд орох шатандаа явж байна.

 Улсад учруулсан хохирлыг хэн барагдуулах вэ?

- Хохирлын асуудлыг би мэдэхгүй. Хүүхдийн гарт сурах бичиг хүрвэл бидний зорилго биеллээ гэсэн үг.

 Олон жил яригдаж байгаа казах хүүхдүүдэд зориулсан бага ангийн монгол хэлний сурах бичгийн асуудал шийдэгдсэн үү?

- Казах хүүхдүүдэд зориулсан 2-5 дугаар ангийн монгол хэлний сурах бичгийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй.

 Энэ жил хэд хэдэн цэцэрлэг шинээр барьж ашиглалтад орж байгааг дээр хэллээ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшин хэдэн хувьд хүрэх тооцоо гарч байна?

- Өнгөрсөн онд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 67 хувьтай байлаа. Бид цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулсан. Харин энэ жилийн хувьд хамрагдалтын түвшинг 80 хувьд хүргэнэ гэж тооцоолж байгаа.

 Хүүхэд харах үйлчилгээ үргэлжлэн хэрэгжээд явах уу?

- Үргэлжлэх эсэх нь одоогоор тодорхойгүй. Хөрөнгө мөнгөнөөс эхлээд нөлөөлж байгаа олон шалтгаан байна. Янз бүрийн насны, боловсролын түвшинтэй хүмүүс хүүхэд харж, хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөл боломж нь бодит байдал дээр хангагдахгүй байгаа асуудал бий.

 Баян-Өлгий аймаг ЭЕШ-ын дүнгээр өмнөх оныхоос гурван байраар хойшилж аймгуудаас 21 дүгээр байрт орсон. Уг асуудалд дүн шинжилгээ хийсэн үү?

- Бүхэл бүтэн нэг аймгийн боловсролын түвшинг ЭЕШ-аар дүгнэх нь учир дутагдалтай ойлголт юм. Гэхдээ энэ жилийн ЭЕШ-ын дүнд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, хичээл сонголтын асуудал байна. Хүүхдүүд ахлах ангиудад хичээлийг сонгож орох ёстой. Сонгож судлаагүй хичээлүүдээр тааварлаж шалгалт өгсөн нь шалгалтын дүнд нөлөөлсөн. Хоёрдугаарт, Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын холбогдох журамд өөрчлөлт оруулж, хүүхдүүд нэг хичээлийг сонгон судалж шалгалт өгөөд, хуваарь сонгох боломжгүй болсон. Гуравдугаарт, багш нарын хариуцлагын асуудал байна. Өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлээ дээшлүүлэх, хүүхдэд хандах хандлага гэх мэт дутагдалтай олон асуудал байгаа. Энэ мэт хүчин зүйлс ЭЕШ-ын амжилт буурахад нөлөөлсөн гэж үзэж байгаа.

 Багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөж ирээд ажилд орж байгаа залуучуудын мэдлэг, боловсролд ихэнх хүмүүс сэтгэл дундуур байгаагаа хэлдэг. Боловсролын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд таны энэ талаарх байр суурийг сонсмоор байна?

- Шинээр төгсөөд ирж байгаа залуучуудаас шалгалт авч, албан ёсоор түвшнийг нь тогтоогоогүй учраас ямар нэгэн тайлбар өгөх хэцүү байна. Хуучин БСУГ-аас багш мэргэжлээр төгсөж ирсэн хүмүүсээс шалгалт авч, эрэмбийг нь тогтоогоод сургуулиудаас ирсэн захиалгын дагуу ажлын байранд илгээдэг байсан. Одоо тийм тогтолцоо байхгүй. Гэхдээ, сургуулиудад очиж ажиллаж арга зүйн зөвлөгөө өгөх, Засаг даргын нэрэмжит шалгалт авах явцад зарим залуу багш нарын мэдлэг боловсрол төдийлөн хангагдахгүй байгаа нь ажиглагддаг. Ажлын байранд өөрийгөө хөгжүүлж, сайжирч байгаа багш нар ч байна. Хоцрогдоод байгаа хүмүүс ч бий. Сая бага ангийн 500 багшид сургалт хийх явцад миний бие газар дээр нь очиж ажиглалт хийсэн. Тэгэхэд монгол хэлээр тодорхой ярьж чаддаггүй багш нар тэнд явж байсан шүү...

 2019-2020 оны хичээлийн жилд хэрэгжүүлэхээр ямар зорилт дэвшүүлж байна?

- Багш нарын бага хурлаар бүх шатны сургалтын байгууллагын баг бүр хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай ханган үр дүнтэй хэрэгжүүлж, багш, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж суралцагчийн хөгжил, төлөвшилтөд ахиц гаргахыг гол зорилгоо болгосон байгаа.

 Цаг заваа гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа!

- Баярлалаа. Энэ дашрамыг ашиглаж Монголын нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, хүүхдүүд нь оюунлаг, ажил төрөл нь бүтэмжтэй байхын ерөөл өргөе.   

Холбоотой мэдээ