Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн сургуулийн удирдлагад хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-29 15:11:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уламжлал ёсоор улсын хэмжээнд энэ сарын 27-ноос ирэх сарын 20 хүртэл "Шинэ хичээлийн жил" нэгдсэн арга хэмжээг өрнүүлж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын хэвлэлийн танхимд өнөөдөр  мэдээлэв.


Шинэ хичээлийн жил эхлэх үеэр иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэгийг дагаад хулгайн хэрэг ч ихэсдэг байна. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн тавдугаар сард "Улаанбаатар смарт" компанитай хамтарч нийтийн тээврийн автобусны хяналтын камерыг сайжруулсан. Ингэснээр нийтийн тээврийн автобусанд гарах хулгайн хэрэг эрс багассан байна. Мөн цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт ЕБС болон их, дээд сургуулийн хяналтын камерыг шалгажээ. 197 сургуулиас 25 зөрчил илэрсэн бөгөөд шаардлага хангаагүй камерыг сайжруулах талаар сургуулиудын захиргаанд мэдэгдэл хүргүүлсэн тухай НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн мэдээллийн эхэнд онцоллоо. 


Тэрбээр, "Шинэ хичээлийн жил эхлэх үеэр оюутнууд шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж, гэмт хэргийн хохирогч болох, эрүүлжүүлэгдэх зэрэг зөрчил ихэсдэг. Тиймээс их, дээд сургуулийн удирдлагад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх  сургалт, сурталчилгаа хамтран зохион байгуулах талаар албан бичиг хүргүүлсэн. Ноднин орон нутгаас ирсэн 37 оюутан дээрмийн хэргийн хохирогч болсон. Энэ хүрээнд мэдээлэл өгч эхлээд байна. Шинэ хичээлийн жил эхлэх үеэр, сургуулиудад оюутан цагдаа, урамшуулалт эргүүл, хүүхэд хамгаалагч, цагдаагийн эргүүл ажиллана. Үүнээс гадна ААН, байгууллагуудад 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилж байгаа эсэхийг хянана" хэмээв.


Өнгөрсөн жил шинэ хичээлийн жилийн үеэр найман оюутан эрүүлжүүлэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас эрүүлжүүлэгдсэн оюутныг сургуулийнх нь захиргаанд мэдэгдэх аж. Хичээлийн жилийн үед цахим тоглоомын газарт үйлчлүүлэх хүүхдүүд олширдог тул 175 ААН-д насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй байх зөвлөмж хүргүүлжээ. 


Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат, "Замын ослоор өнгөрсөн жил 45 хүүхэд амиа алдсан. Үүний зургаа нь наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 20-нд гарсан осол байна. Өдөрт 4-6 хүүхэд зам тээврийн осолд өртөж байна. Тиймээс үр хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө анхаарал халамжаа сайжруулах хэрэгтэй байна. "Шинэ хичээлийн жил" нэгдсэн арга хэмжээний хүрээнд, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сургуулиуд эцэг эхчүүдтэй гэрээ байгуулж байна. Энэ гэрээнд хүүхдээ тогтсон цагт нь аваагүй тохиолдолд сургуулиас нь хасах хүртэлх арга хэмжээг авна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн сургуулийн удирдлагад хариуцлага тооцдог болсон" хэмээв. 

Холбоотой мэдээ