Суль сулхирын гурил элбэг ч үнэ нь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-08-29 15:17:52

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Ургамал, Дөрвөлжин гэхчлэн говийн сумдад ургадаг сульхир үнэд орж кг-ыг нь 20-25 мянган төгрөгөөр худалдаалж байна. Тус ургамал нь элсэнд ургадаг бөгөөд жил дамнан өнжиж ургадаг ажээ.

Эмчилгээний зориулалтаар хүнсэнд хэрэглэдэг энэ ургамал энэ жил гарц сайн байсан байна. Гэсэн хэдий ч эрэлт ихтэйгээс үнэ нь өндөр байгаа аж. Хэдийгээр олдоц ихтэй байгаа ч үнэ нь өнгөрсөн жилийнхээс 5000 төгрөгөөр нэмэгджээ. Өнөөдөр Ургамал, Дөрвөлжин сумын иргэд харыг нь суль, шар өнгөтэйг нь сульхир гэж нэрлэдэг бөгөөд хар суль, цагаан суль (өвгөн суль) гэж ялгаж нэрлэдэг. Суль, сульхирыг намар үр нь боловсорч гүйцэх үед тэмээн хөсөгтэй олуулаа явж түүдэг байжээ. Харин одоо бол хэсэг бүлгээрээ нийлж унаа машинтай, майхантай их тухтай түүдэг болсон байна.

Сульхир нь элсний нүүдлийг тогтоон барих ач холбогдолтой төдийгүй 5-7 жил ургаж байж үрлэж үрээ тараадаг учраас тархан ургах нь бага аж. Мөн иргэд сульхирыг өнжөөхгүйгээр жил бүр замбараагүй түүж байгаа нь ургалт болон нөхөн сэргээгдэх, үрээ хаях боломжийг олгохгүй байна. Сүүлийн үед иргэд эмчилгээ, хүнс, ахуйн зориулалтаар ихээхэн хэрэглэх болсон нь ч устахад нөлөөлөх, улмаар цөлжилтийг нэмэгдүүлэх аюултай болжээ. Иймээс энэхүү ургамлыг хамгаалах нь зүйтэй хэмээн байгаль орчны мэргэжилтнүүд зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар сульхир, хар сулийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ явуулаагүй байна.  “Сульхирын гурил нь ходоод гэдэсний хямрал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, шээс хөөх болон бөөрний үйл ажиллагаанд сайны дээр тэжээллэг болохоор хүмүүс их хэрэглэдэг байх. Эрэлт их байгаа болохоор үнэ нь жил бүр өсөж байгаа. Тэгээд ч жил өнжиж байж ургадаг ургамал шүү дээ. Байгалиас түүж авна. Түүгээд цайруулна, тээрэмдэнэ гээд их ажил ордог болоод ч тэр үү үнэтэй байдаг" гэж худалдаачид ярьж байна.
Цайруулсан сулийг хуурч болгох, эсвэл түүхийгээр нүдэж тээрэмдэн гурил гаргаж авна. Цай хийцэлж уух, шөлтэй хоол, өрөм, тос зэрэгтэй хольж зуурч хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай ажээ.

Дашрамд, Шивүүрт сульхир буюу Agriophyllum pungens нь элсэнд ургадаг ургамал ажээ. Хар өнгийн үр боловсруулдагтай холбоотой цул хар гэдэг үгнээс гаралтай учир ийн нэрийдсэн гэх нь ч бий. 

Холбоотой мэдээ