У.Хүрэлсүх: Засгийн газар бизнес эрхлэгчидтэй улирал тутам уулзаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-27 17:59:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын зарим сайд, яам агентлагийн удирдах албан тушаалтнуудын хамт МҮХАҮТ-д өнөөдөр бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

Энэхүү уламжлалт "Бизнес уулзалт"-д 250 гаруй бизнес эрхлэгч, 20 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч, санал хэлэв.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл өгөв.

2018, 2019 онд төсвийн тодотгол хийгээгүй, гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам долларт хүрч, гадаад худалдааны эргэлт 8.1 тэрбум ам доллароор хэмжигдэж, төсвийн алдагдал 18-5.1 хувь болон буурсан, олон улсын тавцанд зээлжих зэрэглэл ахисан зэрэг сайн үзүүлэлтүүдийг дурдав.



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Бизнесийн салбарт үүссэн хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй зүйлээ бид ний нуугүй ил тод ярих нь чухал байна. Засгийн газар баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ. Харин хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аливаа этгээдтэй хатуу хариуцлага тооцно. Тооцсоор байна. Сүүлийн үед уул уурхайн салбарт гаргаж байгаа шийдвэрүүд гэхэд бизнесийн орчинд ургасан хог шарилжаа зулгааж байгаа зүйл болохоос биш зүлгээ устгаж байгаа явдал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс төр, бизнесийн хүрээнд сүлжээ үүсгэн хууль бус монопол эрх тогтоож байгаатай хатуу тэмцэж, таслан зогсоохын төлөө ажиллана гэв.



Бизнес эрхлэгчдийн явуулж буй үйл ажиллагааны чиглэлд нь тааруулж уян хатан татварын бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулах, шинжлэх ухаан, инновацын ололтыг үйлдвэрлэлд цаг алдалгүй нэвтрүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, хог хаягдлын менежментийг нэн даруй шинэчлэн хэрэгжүүлэх, бизнес дэх улс төрийн нөлөөллийг зогсоох, намчирхах үзлийг халах, авлига хээл хахуулийг устгах, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгаа зэрэг санал хэлж, тэдгээрт чиглэсэн тууштай бодлогыг Засгийн газраас авч хэрэгжүүлэхийг хүслээ.

Түүнчлэн салбар бүрт тулгамдаж буй үйл ажиллагааны талаар Засгийн газартай хамтран хэлэлцүүлэг өрнүүлж шийдэл гаргаж явах санал гаргасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж, улирал тутамд бизнес уулзалтыг тогтмолжуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ