Сумдад мөнгө хэрэгтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Засаг дарга сумын удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Сар бүрийн эхний 7 хоногийн лхагва гарагт ийн хуралдаж байх захирамж гарчээ. Энэ хурлаар сумдын өмнө тулгарч байгаа асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэх, санал бодлыг сонсох зорилготой юм.
Засаг дарга сумдын удирдлагуудад атаршсан газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж аж ахуй нэгж, иргэдэд дуудлага худалдаагаар эзэмшүүлэх тал дээр анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болгов. Газрын дуудлага худалдааны төлбөрийн 70 хувь нь аймагт, үлдэх хувь нь сумын төсөвт төвлөрдөг учир зайлшгүй анхаарах зүйлийн нэг юм. Дараагийн асуудал нь Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад онцгой анхаарахыг сургуулийн удирдлагуудад үүрэг болгоод боловсролын салбарт гаргасан өмнөх жилүүдийн амжилтыг алдахгүй байхыг ч сануулсан юм. Мөн улаан бурхан өвчний тархалт нэмэгдэх төлөвтэй байгаа учир урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг хүслээ.
Харин сумын дарга нарын зүгээс гарч байсан нийтлэг санал хүсэлт бол бензин шатахууны болон зарим төрийн байгууллагын нийгмийн даатгалын өртэй холбоотой асуудал байсан. Сэргэлэн сум гэхэд л ЕБС-ийн цалингийн болон НД-ын өр нийлээд 7 сая төгрөгт хүрсэн тухайгаа Засаг дарга нь ярьж байв. Тус суманд малын цэцэг өвчин гарсантай холбоотойгоор халдварын голомтод ажилласан хүмүүсийн цалин, бензин шатахуунд 4 сая төгрөгний зарлага гарсан. Энэ мөнгийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг аймгийн удирдлагад тавив. Матад сумын Засаг дарга “Газрын тосны газраас гарсан ашиглалт, хайгуулын гэрээ хэлэлцээрийн талаар Петро Чайна Дачин компанийн удирдлагууд сумын удирдлагуудтай огт харьцаагүй” гэсэн гомдлыг мэдүүллээ.
Цагаан-Овоо суманд бензин түгээгүүрийн газар ганцхан байдаг нь ачааллаа дийлдэггүй юм байна. Мөн Баян-Уул сумын хүн эмнэлгийн түргэн тусламжийн машин эвдрээд сар гаруй болж байгаа гэнэ. Сэлбэг хэрэгслийн 3 сая төгрөгийг шийдэж чадахгүй өдий хүрчээ. Энэчлэн тэд аймгийн Засаг даргад байр байдлаа танилцуулж байсан.
Хаврын хуурайшилттай энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор түлш, шатахууныг боломжийн хэрээр нөөцлөхийг аймгийн Засаг дарга захирамжилсны дагуу бүх сум шатахуун нөөцөлж амжжээ.
Б.Туяа