"Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк" аяны нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-08-27 17:50:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монголбанкнаас 2019 оныг “Банкны салбарын шинэчлэлийн жил” болгон зарласны хүрээнд “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд Говь-Алтай аймагт нээлт нь боллоо.

Аяны нээлтийг Говь-Алтай аймаг дахь Монголбанк, арилжааны банкуудтай хамтран зохион байгуулав. Уг аяныг зургаан сарын хугацаанд зохион байгуулах ба олон нийтэд банкны салбарт хэрэгжиж байгаа шинэчлэл, бодлого, тэдгээрийн хэрэгжилтийн талаар өргөн хүрээнд мэдээлэл өгөх, сургалт, уулзалт зохион байгуулах замаар олон нийтийг зөв мэдээллээр хангах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд иргэд, аж ахуйн нэгжийн хүлээлтийг зохистой удирдахад зорилго дэвшүүлэн уг аяныг эхлүүлээд байгаа аж.

Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбар, аймгийн арилжааны банкуудтай хамтран “Шинэ-Алтай” шилэн зах дээр аяны нээлтээ хийж, иргэд, санхүүгийн хэрэглэгчдэд аяны танилцуулгыг хийж, банк санхүүгийн гол үзүүлэлтийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл хүргэсэн юм.

Тус салбараас он дуустал үргэлжлэх энэхүү аяны хүрээнд дараах чиглэлээр сургалт мэдээлэл, уулзалт хэлэлцүүлэг, харилцагчийн өдөрлөг, нийтлэлийн уралдаан зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Тодруулбал, банкны санхүүгийн чадавхийг илэрхийлдэг үзүүлэлтүүдийг иргэдэд ойлгомжтой мэдээлж тайлбарлах, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зохистой сонгоход дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт зохион байгуулах, хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар бүрэн мэдээлэл өгөх, банкны үйл ажиллагааны талаарх цогц ойлголтыг олгох зэрэг олон нийтэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэх ажээ.

Холбоотой мэдээ