Якут эмэгтэйчүүд мото ралли зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-23 16:45:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Якутын “Виктория” эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагаас наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 10-ны хооронд "Халхын гол: Ард түмний ой санамжид үүрд мөнх" нэртэй эмэгтэйчүүдийн мото ралли зохион байгуулж байна.

Монголын Халх голын бүсэд Зөвлөлт-Монголын цэргүүд Японы түрэмгийлэгчдийг ялсны 80 жилийн ой, Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан тус уралдааны явцад зургаан хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг хоёр машинтайгаар 9000 км (ОХУ-д 6,000 км, Монголд 3000 км) зам туулан, ахмад дайчид болон залуучууд, эмэгтэйчүүдтэй уулзалт хийнэ.

“Виктория” байгууллагын мэдээлснээр, Улаанбаатар хотоос Халх голын бүс рүү дээрх хоёр багийнхантай хамт гурван хүний бүрэлдэхүүнтэй монгол эмэгтэйчүүдийн баг нийлж аялна. Авто ралли Якутск-Чит-Улаан-Үд-Хиагт-Дархан-Улаанбаатар-Чойбалсан-Халхын гол-Чойбалсан-Соловьевск-Амазар-Тында-Нерюгри-Якут гэсэн маршруттай  юм.

 Халх голын тулалдаанд амь үрэгдсэн Зөвлөлт, Якутын дайчдын дурсгалыг хүндэтгэх, ном хэвлүүлэх, Саха (Якут) болон Монгол Улсын эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэ аялал чиглэсэн байна. Мөн Якутск, Улаанбаатар хотуудын хоорондын найрсаг түншлэлийн харилцааг гүнзгийрүүлнэ. Якутск, Улаанбаатар хотуудад ижил төстэй зүйл олон. Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бол Якутск хот мөнх цэвдэг бүс дэх дэлхийн хамгийн том хот юм" хэмээн "Sakha Life" онцлов.

Авто ралли нь залуучуудад цэрэг-эх оронч боловсрол олгох, улмаар Якутск хот болон Саха (Бүгд Найрамдах Якут) улсыг сурталчлахад хувь нэмрээ оруулж байна.

Холбоотой мэдээ