“Урлагийн эко систем” сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-21 18:28:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл урлагийн салбарын мэргэжилтэн, судлаач, цуглуулагч, куратор нарт зориулсан “Урлагийн эко систем” сургалт өнөө, маргааш болно. "Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Монголын Уран зургийн галерейн дэмжлэгтэйгээр уг сургалтыг зохион байгуулж байна.

Өнөөдөр Соёл урлагийн газрын хурлын танхимд нээлтээ хийгээд маргааш 17:00-19:30 цагт “Хоттой учрахуй-Контемпорари урлаг: Герман Монголын чиг хандлага” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц, хэлэлцүүлэг Монголын уран зургийн галерейд тус тус үргэлжилнэ.

Лекцийн үеэр Дюссэлдорфын академиас гаралтай, дэлхийд нэр бүхий уран бүтээлч Герхард Рихтер, Маркус Люпец, Нам Жүн Пайк, Йосеф Бойс нарын бүтээлийн талаар хэлэлцүүлнэ.
Урлаг соёлыг сонирхогч хэн ч байсан энэ хэлэлцүүлэгт  өргөнөөр оролцож дэлхийн орчин үеийн урлагийн ертөнцөөр германы урлагийн түүх судлаач, шүүмжлэгчдийн илтгэлийг сонсож, санал бодлоо хуваалцах боломжтой аж.

Холбоотой мэдээ