О. Тагарваа агсны эд зүйлс музейн үзмэр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-06 14:30:11

Сүсэгтэн олонд “Ээмэгт багш” хэмээн хүндлэгдэж явсан говийн хутагт Оолойн Тагарваагийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс аймгийн музейд үзмэр болж дэлгэгдлээ.

О. Тагарваа агсныг нутгийн зон олны нь дунд үеийн үед дурсагдан үлдэх хүмүүсийн нэг гэдэг үүднээс аймгийн музейд үзмэр нээх тухай иргэний хүсэлтийн дагуу ИТХ- ын тэргүүлэгчид өнгөрөгч оны сүүлээр тогтоол гаргасан байна. Энэ дагуу музейн хамт олон О. Тагарваа агсны хүүхдүүдэд санал тавьснаар ийнхүү үзмэрийг олны хүртээл болгож байгаа ажээ.

Эхний удаад түүний дээл,  гутал, малгай тэргүүтнээс эхлээд тахин шүтэж явсан бурхад, бурханы эд агуурс бүхий 30 гаруй эд зүйлсийг үзмэрт дэлгэсэн байна. Үзмэрийг О. Тагарваа агсны үр хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр цаашид улам баяжуулах ажээ.

О. Тагарваа нь 1944 онд Адаацаг сумын Сүм Хөх бүрдийн Ар шанд хэмээх газар мэндэлсэн бөгөөд 16 настайд нь Хүүхэн хутагтын хойд дүрээр тодруулан нууцалж байснаа 1990- ээд онд Хутагтын сэнтийд өргөмжлөн залсан гэдэг.

Тэрээр 2000 онд Улаанбаатар хотноо Үржиншадублин хийдийг үүсгэн байгуулж, энэ хийддээ тасрах шахаад байсан дэг ёс буюу говийн ноён хутагт Данзанравжаагийн их жүд ёсыг уламжлан,  хурал номоо хурдаг болжээ. Монголын бурханы шашныг хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмэр оруулж явсаар өнгөрөгч онд тэрээр өвчний учир таалал төгссөн байна.     

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ