Локарно кино наадамд манай уран бүтээлчид оролцлоо

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-08-20 13:26:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын Локарно хотод наймдугаар сарын 7-17-ны өдрүүдэд  72 дахь удаагийн олон улсын кино наадам болов. Энэ наадамд Монголын кино уран бүтээлчид оролцлоо.

Локарно кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал хатагтай Софи Бурдон  өнгөрсөн намар болсон “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцсон юм. Тэр үеэр 2019-2021 оны хөтөлбөртөө Зүүн Өмнөд Ази болон Монгол Улсыг онцлон дэмжиж оролцуулна гэснээрээ манай уран бүтээлчдийг урьжээ. Өнгөрсөн онд Швейцар Улсын Фрибург хотноо 32 дахь удаагийн Фрибургийн олон улсын кино наадмын “Шинэ газар нутаг” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс мөн онцлох улсаар сонгогдсон юм.

Энэ удаагийн Локарно кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрт С.Бямбын “Алсын удирдлага” (2013), У.Зулаагийн “Захиа” (2019), “Улаанбаатаржилт” (2017), П.Золжаргалын “Үл заяагдагсад” (2017) болон Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” (2016) киногоор оролцож байна. Монголын кино уран бүтээлчид тус наадмын Ерөнхийлөгч Марко Соларитай уулзаж, “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн дугуй ширээний ярилцлагад Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, продюсер Ц.Ариунаа оролцов.

Манай кино уран бүтээлчдийг Локарно кино наадамд оролцохыг Швейцарын хөгжлийн агентлагаас дэмжсэн байна. Энэ оны 10 дугаар сард болох “Улаанбаатар” олон улсын кино наадмыг Швейцарын талаас мөн дэмжин оролцохоо мэдэгджээ. 

Холбоотой мэдээ