Үүртийн тохойн замыг иргэд өөрсдийн хөрөнгөөр засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-08-20 12:12:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газрын нэг Үүртийн тохойн замыг Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн төсөв хөрөнгөөр засварлажээ.

Сумын төвөөс зүүн хойш 18 километр зайд орших Орхон голын ханан хад бүхий гүн хавцлыг Үүртийн тохой гэх бөгөөд тэнд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг. Орхон гол нь Улаан эргийн тохой хэмээх газраас Үүртийн тохой хүртэл тасралтгүй 10-25 метрийн өндөр хавцлаар 60 гаруй километр зам туулан урсдаг бөгөөд аялагч, жуулчдын саатан зогсох үзэсгэлэнт газрын нэг билээ.

Үүртийн тохойтой холбоотой домог түүх багагүй. Галдан бошигт олзолсон цэргүүдээ энэ хавцлын эрэг дээрээс шахан унагаж хороодог байсан. Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэн Галдан бошигтын цэргүүд олноороо усанд унаж үхжээ.

Үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд овоорон гарч ирсэн тул Хүүртийн тохой гэж нэрлэж байсан бол хожим  нэрийг нь өөрчилж Үүртийн тохой болгосон хэмээх түүх өнөө ч яригдсаар.

Аймгийн аялал жуулчлалын гол зам Үүртийн тохойг дайран өнгөрдөг тул эвдрэл ихтэй, саад бартаатай байдгаас жил бүр улс, орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгөөр зам засварын ажлыг гүйцэтгэдэг.

Энэ жил Бат-Өлзий сумын иргэн Х.Нямлхагва, Х.Нямдаваа, Х.Эрдэнэтогтох, Ч.Мандахбаяр, Ч.Батболд нар Үүртийн тохойгоос Бат-Өлзий сум хүртэлх замын бартаатай хэсгийг түрж завсарлан, шуудууны хоолойг сольж өргөсгөсөн бөгөөд зардлыг хувиасаа гаргажээ.

Холбоотой мэдээ