БНСУ дахь монголчууд үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2019-08-19 13:41:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ дахь манай улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв тус улсын Үжэнбү хотын гэмтэл согог, нуруу нугас, үе мөчний “BON” эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал, хоёр тал БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор энэ наймдугаар сарын 16-нд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулжээ.  

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн дийлэнх нь хүнд хүчир ажил хийдэг. Иймээс өвдөг тохой, нуруу нугас, үе мөчний үрэвсэлт өвчин тусаж, эмчлүүлэх шаардлага гардаг. Монгол ажилчид хэдийгээр БНСУ-ын эрүүл мэндийн даатгалд хамрагддаг ч дээрх төрлийн эмчилгээ үйлчилгээ авахад зардал мөнгө ихээхэн гардгаас өвчнөө эмчлүүлэх боломжгүй байдал тулгардаг. Эцэст нь өвчин хүндэрсэн шатанд эмнэлэгт хандах, цаашлаад ажил хөдөлмөрөө хэвийн эрхлэх боломжгүй болдог.




Энэ нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандан зөвлөгөө мэдээлэл авч байгаа гэрээт ажилчдаас илт харагддаг байна. Тиймээс БНСУ-ын Үжэнбү хотын гэмтэл согог, нуруу нугас, үе мөчний “BON” эмнэлэгтэй хамтран БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Үүнд:

  • БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан гэрээт ажилчид болон иргэдэд нуруу нугас, үе мөчний үрэвсэл, үзлэг эмчилгээ, үе мөчний өвчин намдаах тарилга, хагалгаа зэргийг үнэ төлбөргүй хийж үйлчлэх,
  • Эрүүл мэндийн даатгалгүй болон визгүй монгол иргэдэд үе мөчний үрэвслийн үзлэг эмчилгээ, нуруу нугас, өвдөг, үе мөчний өвчин намдаах тарилга, хагалгаа зэргийг 20-30 хувиар хөнгөлттэй үйлчлэхээр боллоо.

Иймээс дээрх эмчилгээ үйлчилгээ авах хүсэлтэй иргэд БНСУ дахь манай улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн 02-2266-8228, 02-2266-9229 утсанд хандан бүртгүүлж нэгдсэн журмаар үзлэг эмчилгээ авах боломжтой болж байна. 

Холбоотой мэдээ